Эдийн засаг

Гурилын үнийг иргэдэд ачаа болголгүй зохицуулж чадах уу?

Нийтэлсэн

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр гаднаас оруулж ирдэг гурилын импортын татварыг сэргээх талаар ярилцаж гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Гурилын үндэсний үйлдвэрийн тоо сүүлийн зургаан жилд 37-оос 11 болтлоо буурсан нь гурилын үнийг тогтоох монопол үүсгэсэн. Үгсэн хуйвалдах замаар үнийг нэмдэг байдлыг задлах цаг нь болсон. Тэгэхгүй бол 2021 оноос хойш гурилын үнэ 78 хувиар нэмэгдэж, иргэдийн нуруунд ачаа болж байгааг судалгааны дүн харуулж байгаа. Хэрэглэгчдийнхээ эрх ашгийг нэн түрүүнд чухалчлах ёстой” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Батбаатар “Импортын татварыг чөлөөлж өрсөлдөөнийг нэмэгдүүлснээр гурилын үнэ буурч эхэлж байхад эргээд татвар сэргээх нь буруу. Салбарын бодлого буруу байгаа нь гол асуудал болж байна. Гурилын үнийг дийлэхээ болиод аргаа бараад импортын татварыг чөлөөлөөд нэг жил ч болоогүй байгаа. 2020 оноос хойш гурилын үнэ яагаад өссөн талаар судалгаа, мэдээлэл байна уу. Гурилын 37 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байсан бол одоо ес болж буурчээ. Яагаад ААН-үүд хаагдав. Үүнд ямар бодлого баримталсан бэ. Үнийг зах зээл шийднэ гэдэг байр суурьтай байгаа юм байна. Үүнээс шалтгаалж иргэдийн нуруун дээр ачаа ирнэ. Ж.Энхбаяр сайд ямар ч үнээр хамаагүй дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм байна. Газар тариалан, үйлдвэрлэл чухал, харин хэрэглэгч хамаагүй гэж хандаж болохгүй. Гурилын салбарт төрөөс өгч байгаа дэмжлэг, дээр нь зах зээлийн систем, хамгаалалт нэмэгдэхээр иргэдийн нуруун дээр ачаа нэмэгдэнэ. Ж.Энхбаяр сайд улсын хэмжээнд бодлого гаргаж ажиллах төрийн сайд атал монопол болчихсон дотоодын гурилын үйлдвэрүүдийн хэвлэлийн төлөөлөгч шиг битгий ажилла. ХААХҮЯ төвийн бүсийн яам шиг битгий ажилла” хэмээн хэлнэ билээ.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн ч “Гурилын импортын татварын 15 хувийг сэргээвэл үнэ өсөх нь мэдээж. Хэрэв үнэ нэмэгдэж, бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсвөл хэн хариуцлага хүлээх вэ. Инфляцид нөлөөлөхгүй гэсэн баталгаа байна уу” хэмээн асууж байлаа.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр тэдний асуултад хариулахдаа “Энэ намар, 2025 оны ургац хүртэл гурилын үнэ тогтвортой байна. Галийн татвараас чөлөөлөх хууль хэрэгжсэнээс хойш 64.2 мянган тонн баяжуулсан болон баяжуулаагүй гурил импортолсон. Мөн 52 мянган тонн тэжээл импортолсон нь дотоодын үйлдвэрлэлд шууд нөлөөлж үнэ өссөн. Тухай бүрд нь гурилын үнэ экспорт, импортын балансыг харж байгаад зохицуулалт хийнэ. Гурил бол ард түмний хамгийн их хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний нэг. Жилд 100 мянган тонн үр тариаг улс худалдан авдаг болчихвол тогтвортой байдлаа хангана. Экспортыг идэвхжүүлэх, шаардлагатай бол импортыг хязгаарлах, боомтод квот тогтоох гээд олон аргыг хэрэгжүүлж болно. Улаанбуудайн экспортыг асуудал болгоод байхааргүй зохицуулах боломж энэ Засгийн газарт байна. Тэр эрхийг энэ хуулиар Засгийн газарт гаргаж өгөх хэрэгтэй. Үнэ ихээр нэмж ашиг олсон зүйл байхгүй. Гурилын үйлдвэрүүд 2024 оны байдлаар 6-9 хувийн ашигтай ажиллаж байсан” хэмээв.

Ж.Энхбаяр сайд мөн “Гурилын үйлдвэрүүд цөөрч байгаа нь өрсөлдөөн их байгаатай холбоотой. Тиймээс үйлдвэрүүдийн тоо цөөрч байгаа, цаашид ч цөөрнө байх. Одоогоор есөн үйлдвэр үйл ажиллагаа явуулж, хоёр үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон. Таван үйлдвэр 20 хувийн хүчин чадлаар ажиллаж байгаа бол хоёр, гуравхан үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Монголын үйлдвэрүүдийн чанар сайжирч байгаа. Тариаланчид улаанбуудайн хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж байна. Гурилын чанар муудсан гэж хэн хэлснийг мэдэхгүй. Харин ч чанар сайжирч байгаа. Төрөл ч нэмэгдсэн. Ургац тогтмол нэмэгдэж байна. Гурилын чанар муудсан гэх асуудалтай би санал нийлэхгүй. Гурил хямдхан байгаа. Өөрөөр хэлбэл, “Алтан тариа” нэг кг нь 1500 төгрөг, “Өгөөж” 1760 төгрөг, “Улаанбаатар” гурил 2050 төгрөг, “Өег” гурил 1930 төгрөг, Дорнодын гурил 1790 төгрөг гэх мэт үнэтэй байна.Тээвэрлэлт, худалдааны төвүүддээ очоод үнэ нэмэгддэг. Тээвэрлэлтээс хамаарч худалдаанд 30-40 хувийн үнэ нэмэгддэг. Дундаж үнэ үйлдвэрээс гарахдаа нэг кг нь 1500 байгаа нь боломжийн үнэ” гэж байлаа.

Харин гишүүн Б.Бейсен хийсэн мэдээлэлдээ “Өнгөрсөн жил 101 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гурилын зургаахан үйлдвэр авсан байдаг. Тийм учраас энэ асуудлыг анхааралдаа авч үзэх ёстой. Бүсчилж тариалалт хийх асуудалд анхаармаар байна. Увс аймгийн гурилын үйлдвэрийг дэмжих хэрэгтэй. Одоо гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд гурилын үнэ дахин нэмэгдэх магадлалтай. Нэг тонн үрийн буудай 1600-1800 төгрөгийн хооронд байгаа бол бодит байдал дээр гурилын үнэ нэмэгдэх магадлалтай байна. Засгийн газрын бодлогоо дэмжинэ, гэхдээ ялгавартай хандахгүйгээр зээлийг жигд олгох нь зүйтэй. Цаашид энэ чиглэлийн үйлдвэрийг тогтвортой ажиллуулах, үнэ нэмэхгүй байх тал дээр анхаараасай. Гэхдээ баруун бүсийг онцгой анхаарахгүй бол дахин үнэтэй гурил очвол иргэдийн амьдрал хүндрэх эрсдэлтэй” хэмээв.

Ямартай ч импортын гурилын чанар тааруу, дотоодын үйлдвэрлэлд ч сөрөг нөлөөтэй учир Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг хүчингүй болгохоос аргагүйд хүрэв бололтой. Гурилын үнийг иргэдэд ачаа болголгүй зохицуулж чадах уу, Ж.Энхбаяр сайдын хэлснээр намар болтол гурилын үнэ тогтвортой байх уу гэдгийг хэрэглэгчид харах л үлдлээ.

Exit mobile version