Нийгэм
Н.Нанзаддорж: ”Ганжуур”-ын 30 боть номын эш лүнг хүртээнэ
Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд “Ганжуурын эш лүн” номын айлдварыг гурав дахь жилдээ өчигдрөөс эхлэн айлдаж байна.Энэ талаар тус хийдийн хансүр гавж Н.Нанзаддорж ламаас цөөн асуултад хариулт авлаа.
-“Ганжуур” эх эрдэнийнэ эш лүн хэмээх ойлголт нь юу болохыг манай уншигчдад дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?
-Ганжуур” бол Бурхан багшийн сургаалын эмхэтгэл юм. Хэвлэлийнхээ онцлогоос хамаарч “Ганжуур”-ын ботийн тоо янз бүр байдаг. Зарим “Ганжуур”-ын ботийн тоо 108 байх нь бий. Тиймээс монголчууд 108 боть “Ганжуур” гэж нэрлэж ирсэн юм. Бурхан багш 36 насандаа төгс гэгээрч Будда болсон. Ингээд 81 насны сүүдэр хүртэл 45 жилийн хугацаанд хүн төрөлхтөнд гэгээрлийн тухай, нирвааны тухай, нирваанд хөтлөх гайхамшигт сургаал номоо үлдээсэн байдаг. Бурхан багшийн бидэнд үлдэсэн сургаал зарлигийг хэмжээнийх нь хувьд 84 мянган номын цогц гэж ярьдаг. Тэгэхээр 84 мянган номын цогц гэдэг бол нэг цогцод нь хамгийн багаар бодоход 6000 шүлэг багтсан гэж бодоход Бурхан багшийн нийт номыг хэвлэбэл 504 сая шүлэг болох ийм сургаалыг бидэнд үлдээсэн байдаг.
Зургаан мянган шүлэгтэй номыг бид нэг боть болгож хэвлэлээ гэхэд 84 боть ном сургаалыг хүн төрөлхтөнд үлдээсэн гэсэн үг юм. Өдгөө бидний үед дамжиж ирэх хүртэл ихэнх сургаал нь устаж, цаг хугацааг туулж чадаагүй. Монголчууд бидэнд байгаа сургаал нь 108 боть сургаал юм. “Ганжуур”-ын эш лүнгийн тухай бүрэн ойлголт авъя гэвэл Бурханы шашны түүхийн талаар судлах хэрэгтэй. Тэр талаар өргөн мэдлэгтэй байх ёстой.Түрүүн би хэлсэн, Бурхан багш 45 жилийн турш бидэнд гэгээрэх тухай сургаалаа айлдаж номлосон. Ингээд 81 насны сүүдэртээ нирваанд орсон. Яг тэр зун нь бурханы шавь нар 500 архад цуглан анх Бурхан багшийн сургуулийг эмхэтгэж, хураан ариутган шүүсэн гэдэг. Энэ ажил яаж явагдсан бэ гэхээр Бурхан багшийн айлдсан сургаалыг гурван аймаг савд хувааж, судрын аймагт бүх сургаалыг, Бурхан багшийн шавь Ананд бол нэг үсэг ч үлдээлгүй цээжээр уншсан. Винайн аймаг савын сургаалыг Убали гэдэг архад мөн нэг ч үсэг орхилгүй, өгүүлбэрийн ямар ч алдаа мадаггүйгээр уншсан. Авидармын аймгийн ном сургаалыг нь Маха Гашив гэдэг архад уншсан. Бусад шавь нар нь тэр сургаалыг сонсоод өөрийн сэтгэлд байгаа сургаалтай тулгаж, миний дамжуулж байгаа сургаал үг, үсэг зөв үү гэж алдааг нь шүүж суусан гэдэг. Энэ бол бурханы шашны түүхэнд Бурхан багшийн сургаалыг анх удаа эмхэтгэсэн түүх юм.
-Яагаад үсэг бичигт буулгаагүй юм бол. Яагаад цээжээр уншсан юм бол?
-Олон учир шалтгаан байгаа. Нэг учир шалтгаан нь тухайн үед цаас гэж гараагүй байсан байх, тиймээс үсэгт буулгах боломжгүй байсан болов уу. Тиймээс гэгээрсэн архад нар өөрийн сэтгэлд байгаа сургаалыг ямар ч алдаа мадаггүй уншиж, бусаддаа дамжуулсан. Тэгэхээр бурханы сургаалыг эмхэтгэсэн анхны энэ эмхэтгэл “Ганжуур”-ын эш лүнгийн эх сурвалж ийм юм. Үүнээс хойш Бурханы шашинд ямар уламжлал тогтсон бэ гэхээр бурхан шашны ном, сургаалыг дамжуулагч багш нар тухайн сургаал номыг үг үсгийн алдаагүй шавь нартаа уншиж өгдөг, эш лүн хүртээдэг уламжлал тогтсон. Түүхэнд Бурхан багшийн эш лүнг гурван удаа эмхэтгэсэн гэж үздэг. Бурхан багшийн нирваанд орсноос хойш 200 гаруй жилийн дараа эмхэтгэсэн. Энэ үед бас л цээжээр уншсан гэж үздэг. Гурав дахь удаад Бурхан багш нирваанд орсноос хойш 300 жилийн дараа эмхэтгэх үедээ анх үсэг бичигт буулгаж, боть ном болгож хэвлэсэн түүхтэй. Эш лүнг буулгах, дамжуулах үйл ажиллагаа нийтийн тусын төлөө, номын хүч, дамжлагыг оршоох зан үйл гэж ойлгож болно. Бурхан багшаас хойш сургаал номлол нь багшаас шавьд, багшаас шавьд аман хэлбэрээр амьдаар дамжин өнөө хүрсэн. Эш лүн гэдэг заавал аман дамжлагатай байх ёстой, тэр нь аман хэлбэрээр байх ёстой. Дамжлага нь тасарвал цааш уншиж болдоггүй, тиймээс өнөө хүртэл таслалгүй уншсаар ирсэн учиртай.
-Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд 2023 оноос эхлэн Бурхан багшийн зарлигийн эмхэтгэл “Ганжуур”-ын эш лүнг хүртээх номын айлдварыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ хүртэл хэчнээн боть ном уншсан бол?
-Эхний жил буюу 2023 онд бид 45 хоногийн хугацаанд “Ганжуурын эш лүн”-г хүртсэн. Энэ 45 хоногт 19 боть номыг уншсан. Хоёр дахь жилд нь 25 боть номыг уншиж хүртээсэн.
-Энэ жил хэчнээн боть унших бол?
-Эхний хоёр жилд нийт уншсан номын тоо нь 49 боть болсон. Энэ жил буюу гурав дахь жилдээ бид 30 боть ном унших болов уу гэж бодож байгаа. Дөрөв дэх жилдээ 101 боть сургаалыг багшаараа уншуулж эш лүнг нь хүртэх юм.
-Номд суух гэж бид ярьдаг, тэр цаг хугацаа ямар байх бол?
-Өглөө 08:00 цагаас эш лүнгийн ном эхэлж, орой 17:00-17:30 цаг хүртэл уншдаг. Өдөрт ийм олон цагаар эш лүнг уншихдаа тэр олон сургаалын нэг үгийг ч орхилгүй, үсэг тоолж уншдаг юм.
-Бурхан багшийн сургаалыг сонссоны тус эрдэм нь юу вэ. Хувь хүнд, улс эх оронд, монголчууд бидэнд ямар тустай вэ?
-Бурхан багш бол төгс гэгээрсэн бодгаль. Муу сэтгэл өчүүхэн ч байхгүй. Манай бурханы номын онолд дурдсанаар гэм бүгдийг ариусгаж, эрдэм бүгдийг төгсгөсөн ийм төгс бодгаль юм. Тэгэхээр тэр төгс бодгалийн хэлсэн үг, сургаал маш хүчтэй байдаг. Үг энергитэй, зүгээр энгийн хүн, бидний үг ч гэсэн хүчтэй шүү дээ. Хүн таныг магтвал яаж баярладаг билээ, таагүй үгээр хэлбэл ямар байдал үүсэх вэ. Үг хүчтэй. Тэгвэл гэгээрсэн Буддагийн сургаал, үг, зарлиг асар их хүчтэй гэж үздэг. Энэ хүчтэй үг, зарлигийн эш лүнг нь хүртэж сонссоноор үгийнх нь адис жанлав, хүчийг бүрэн хүлээж авдаг гэж үздэг. Тиймээс Бурханы эх сургаалыг эшлэн хүртэх нь маш чухал.
Ингэж эш лүнг нь бүрэн бүтэн сонсох юм бол жишээ нь бид цагаан зүгийг сахигч тэнгэрүүд гэж ярьдаг. Монгол орны лус савдагууд бол монголчууд мянган жилийн турш бурхан шашинтай явж ирсний хувьд түүнийг тэтгэгч гэж үздэг. Тэгэхээр лус савдагууд баярлана, газрын гарц сайхан болно. Хур бороо элбэгшинэ, түүнийг дагаад хүний сэтгэл ч гэсэн сайхан болдог. Тэгэхээр энэ эш лүн гэдэг монголчууд бидэнд маш хэрэгтэй юм. Ер нь бол энэ эш лүн 1997 оноос өмнө монголчууд бидэнд бүтэн байсан, өвгөд дээдэс маань “Ганжуур”-ын шат дамжлагыг бүрэн гүйцэд эрхшээсэн шавь нартаа өгдөг, уншдаг уламжлалтай байсан. 1937 оноос хойш 86 жилийн турш тасарсан. Иймд бид эш лүнг эрхшээсэн багшийгаа Энэтхэгээс залж ирж, уншлагыг шинээр сэргээж байгаа юм. Энэ бол бидний уламжлал номын ёсоор дэлгэрэх сайхан боломж нээгдэж байгаа юм.
-108 бот “Ганжуур” хэвлэгдсэн түүхээс сонирхож болох уу?
-108 боть “Ганжуур” хэзээ анх Төвөдөд хэвлэгдсэн бэ, хэзээ Монголд анх хэвлэгдэв гэдэг монголчууд бидний мэдэх ёстой түүх юм. Анх Юань гүрний үед Хубилай хаан, түүний дараах Өлзийт хан, Хайсан хүлэг хааны үед монголчууд төвд хэлнээс бурханы сургаалыг монгол хэл рүү хөрвүүлэх ажил эхэлсэн. Монголын түүхэнд тэмдэглэсэнээр бол Аюурбарбад буянт хааны үеийн Чойгу Одсэр гэж хүн 1308 онд Банзрагч буюу Таван сахъяа судрыг монгол хэл рүү орчуулсан гэсэн мэдээлэл байдаг. 1310 онд “Бодьсадын явдалд орохуй” шаштирыг монгол хэл рүү орчуулсан гэдэг. Тэгэхээр Юань гүрний үеэс энэ ажил эхэлжээ. Гэхдээ 108 боть болгож бүтэн орчуулж дуусаагүй, тухайн үеийн улс төр, цаг үеийн байдлаас болж бүтээгүй. Ингээд 1500 оныг хүртэл 200 гаруй жилийн турш монголчууд орчуулсаар байсан. Монголын Лигдэн хутагт хааны үед 1626 оны үед Гунгаа Одсэр тэргүүт дуун хөрвүүлэгчид орчуулснаар бүрэн орчуулсан түүхтэй.