Энтертайнмент
Буриадын театрынхан ”Кармен” дуурийг толилууллаа
ОХУ-ын Буриадын Дуурь, бүжгийн эрдмийн театрын шилдэг уран бүтээлчид Монгол Улсад ирж, УДБЭТ-ын тайзнаа “Кармен” дуурь болон гала концертоо толилууллаа.
Монголын УДБЭТ-ын хамт олон 2025 онд ОХУ-ын Буриадын Дуурь, бүжгийн эрдмийн театртай олон үйл ажиллагаанд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулаад буй. Үүний эхлэл болгож 2025 оны дөрөвдүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд УДБЭТ-ын хамт олон Буриадын Дуурь, бүжгийн эрдмийн театрт 110 хүний бүрэлдэхүүнтэй айлчлан очиж, Ж. Верди “Аида” дуурь, “Гала концерт”-оо амжилттай тоглоод ирсэн бол энэ удаа ОХУ-ын Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдийн Ж.Бизегийн “Кармен” дуурийг дөрөвдүгээр сарын 25-нд, “Гала тоглолт”-оо дөрөвдүгээр сарын 27-нд Монголын тайзнаа толилууллаа.
Нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй Буриадын уран бүтээлчдийн тоглолтод ОХУ-ын Гавьяат жүжигчин Билигма Ринчинова, Буриад улсын Ардын жүжигчин Н.Мөнхзул, Буриад улсын Ардын жүжигчин Эдуард Жагбаев, Буриад улсын Ардын жүжигчин Ольга Жигмитова, Буриад улсын Гавьяат жүжигчин Елена Мохосова, Буриад улсын Гавьяат жүжигчин Дамба Занданов, Буриад улсын Гавьяат жүжигчин Мэргэн Санданов, гоцлол дуучин, Олон Улсын уралдааны шагналт Валерия Андреева, Олон Улсын уралдааны шагналт Жамсо Бамбагаев, гоцлол дуучин Надмит Надмитов, Олон Улсын уралдааны шагналт Оюна Дарижапова нарын уран бүтээлчид оролцов.
ОХУ-ын Буриадын Дуурь бүжгийн театр нь 1939 онд байгуулагдаж, 1949 онд “Эрдмийн театр” цол хүртжээ.
УДБЭТ-ын хамт олон 2025 онд өөрийн тайзнаа Буриадын Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчидтэй хамтран тоглох уран бүтээлүүдийн эхнийх нь ийн Ж.Бизе “Кармен” дуурь, “Гала концерт” байсан бол ирэх зургадугаар сард П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг хоёр улсын уран бүтээлчид хамтран тоглохоор бэлтгэж байгаа ажээ.