Дэлхий

Трампын татварыг Япончууд вискигээр ч хамаагүй зөөллөх гэж үзсээр

Нийтэлсэн

Англи болон Шотланд улсууд 20-р зууны дунд үеэс өөрийн зөөлөн хүчний бодлогын хүрээнд  дипломат уулзалтын үеэр зочдод нэр хүндтэй виски бэлэглэх болсноор “Виски дипломат ажиллагаа” (Whisky Diplomacy) гэх хэллэг үүсжээ. Английн энэхүү бодлого үр дүн өндөр байж, өдгөө олон улсын уулзалт хурлын хүлээн авалт дээр виски хэрэглэгдэх нь нэг төрлийн заншил болсон гэж хэлж болно.

Вискиний олон улсын тэмцээнд Шотланд вискиг амт чанараараа давдаг болоод даруй 20 жил болсон Япончууд энэ заншлыг утгаар нь өөрийн болгож буй тодхон жишээ саяхан болж өнгөрчээ.

4 сард Доналд Трампын дэмжигч, хандивлагч Жорж Гласс АНУ-аас Японд суух элчин сайдаар сонгогдсон. Японд ирээд удаагүй байгаа Жорж Глассыг 4 сарын 23-нд Японы Эдийн Засаг Сэргэлтийн Сайд Рёсэй Аказава хүлээн авч, Японы өндөр зэрэглэлийн виски болох Мацуй брэндийн The Kurayoshi 18 Years-г бэлэглэсэн байна. Аказава сайд нь Японы эдийн засаг, өсөлтийн бодлогыг хариуцдаг ба өдгөө Трампын бодлогын улмаас АНУ-тай үүсээд буй гаалийн татварын асуудлыг шууд хариуцаж байгаа болно. Өндөр гаалийн татвараас болж хүнд байдалд орсон Японы үйлдвэрлэгчид энэхүү уулзалтад өндөр ач холбогдол өгч байсан тул Японы өдөр тутмын сонин Майничи энэхүү уулзалтыг “Виски дипломат ажиллагаа” хэмээн онцлон мэдээлжээ.

Сонирхуулахад Японы зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг эсэх нь тодорхойгүй ч, тухайн бэлгэд өгсөн Мацуй брэндийн The Kurayoshi 18 Years виски нь Монголд нэг шил нь 1.5-2 сая төгрөгийн үнэтэй борлуулагддаг байна.

Монголын улс төрчид маань үүнээс санаа авч, магадгүй нэрмэл архи, айргаар нэрлэсэн дипломат ажиллагааг цаашдаа хийж байна гэж найдна.

 

Эх сурвалж: https://mainichi.jp/english/articles/20250424/p2a/00m/0na/008000c

Exit mobile version