Энтертайнмент
Янник Синнер: Допингийн шийтгэлийн хугацаанд бодлоо цэгцлэхийг хичээлээ

Дэлхийн чансааг тэргүүлэгч Италийн 23 настай теннисчин Янник Синнерийн допингийн шийтгэлийн гурван сарын хугацаа дуусаж, эргээд талбайд гарахаар зэхэж байна. Клостебол илэрсний улмаас түүнд ийм шийтгэл ногдуулсан. Журмын дагуу шийтгэлийн эхний нэг сард зөвхөн тэмцээнд оролцохгүй төдийгүй бусад тамирчидтай хамт бэлтгэл хийхийг ч хориглосон юм.
Маргааш буюу лхагва гаригт Италийн нээлттэй тэмцээн Ромд эхэлнэ. “Би энд тэмцээнээс их зүйл хүлээхгүй. Ямар хэмжээнд тоглож чадахаа ч мэдэхгүй байна. Тиймээс аажим аажмаар ахина гэж бодъё. Эхний тойргийн дараагаар ямархуу байгаагаа ойлгох болов уу” гэж Синнер өгүүлжээ.
Зөвхөн допинг ч биш хувийн амьдрал нь сүүлийн жилийн хугацаанд адармаатай, хэцүү байсныг мөн дурдсан байна.
“Сүүлийн нэг жил миний хувьд хэцүү байлаа. Хувийн амьдралдаа маш том дарамт мэдэрлээ. Гэхдээ түүнийгээ бусадтай ярьж хуваалцаж чадалгүй зөвхөн өөртөө л хадгалсаар байсан юм. Австралийн нээлттэй тэмцээний өмнө л хэцүү байдалд орчихсон, сэтгэл санаа хүнд байсан. Тиймээс хэсэг зуур тэмцээн уралдаанд оролцолгүй завсарлая гэж бодож байсан юм. Допингийн шийтгэлийн хувьд бол гурван сар гэдэг тийм ч урт хугацаа биш гэдэг нь үнэн. Энэ хугацаанд ухаан бодлоо цэгцлээд, амрахыг хичээлээ. Одоо бол харин өөрийгөө яг хаана байгааг харах сонирхолтой байна” гэжээ.
Допингийн асуудалд нэр холбогдсоны дараагаар дуртай спортоо ч үзэж чадахгүй, гадуур ч гарахад хэцүү байсан талаараа мөн ний нуугүй ярьжээ. “Үнэндээ хамгийн хэцүү нь юу байсан гээч? Би өөр ямар ч төрлийн спортыг эхэндээ үзэж чадахгүй байсан. Маш олон хүн хөлбөмбөгийн тоглолт үзэж л байдаг. Харин би тийшээ очиж чадаагүй. Мөн найз дугуйчид, автоспортынхон дээрээ ч очоогүй.
Нэгэнтээ очиж чадахгүй байсан болохоор сэтгэлзүйгээ л өндөр, өөдрөг байлгах гэж хичээсэн. Эргээд теннис тоглохдоо бэлдэе гэж бодсон. Мөн хэсэг хугацааг ч гэсэн гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрүүлэхэд таатай байлаа” гэж Синнер өгүүлжээ.
Синнерийг хэвлэлийн бага хурлын танхимд орж ирэхэд цугласан олон сэтгүүлч алга ташин угтжээ. Олон сэтгүүлч хараад наргиа хийхээ ч марталгүй “Талбай гаднах хувийн амьдралын минь талаар их анхаарал тавьж байсанд баярлалаа. Мөн нэг их сүйдтэй биш зүйлийг гэрэл зурагжуулж нийтэлснийг хараад жаахан гайхсан шүү. Би хэн нэгэнтэй уулзаж учраагүй. Тэгэхээр та бүхэн юу ч асуулаа гэсэн бүх зүйл сайхан байгаа л гэе” хэмээн ярилцлагаа инээмсэглэн эхлүүлжээ.
Хэвлэлийн бага хурлын танхимаас гараад удалгүй теннисний талбайд Чехийн Иржи Лехецкитай хамтдаа бэлтгэл хийж эхлэхэд нь түүнийг үзэгчид, элэг нэгтнүүд нь алга ташин угтан авсан юм.
