Энтертайнмент

Ямалийг яаж зогсоох вэ? “Интер”-“Барселона”-гийн тоглолтын өмнөх яриа

Нийтэлсэн

Европын Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн “Интер”-“Барселона”-гийн хариу тоглолт өнөө шөнө Улаанбаатарын цагаар 03:00-д алдарт “Жузеппе Меацца” стадионд эхэлнэ. Хоёр багийн эхний тоглолт 3:3-аар өндөрлөснийг хөлбөмбөгийн хорхойтнууд юу эс андах билээ.

Ингээд тоглолтын өмнөх дасгалжуулагч болон хөлбөмбөгчдийн ярианаас хүргэе.

Ярианы гол сэдэв нь яалт ч үгүй Ямалийг яаж зогсоох вэ? гэсэн асуулт. 17 настай энэ хүү эхний тоглолтод тун төвөггүйхэн шиг чамин гоол оруулж чадсан. Хэрвээ тэр янзаараа тогловол “Интер”-т их дарамттай байх нь ойлгомжтой.

“Ямалийг яаж зогсоох вэ гэсэн үү? Түүн дээр заримдаа хоёр, заримдаа гурван хамгаалалт зэрэг тавих хэрэгтэй. Эхний тоглолтод ч бид тэгсэн шүү дээ. Гэхдээ бүр хэт улайрч бас болохгүй. Тэгвэл өөр хэсгүүдэд том сул орон зай гарна. “Барселона” бол ганцхан Ямаль биш. Левандовски эдгэсэн байна. Довтолгооны шугам нь улам хүчтэй боллоо. Тэгэхээр бид багийн хамгаалалтандаа л найдна” гэж төвийн хамгаалагч Алессандро Бастони өгүүлжээ.

“Барселона”-гийн дасгалжуулагч Ханс-Дитер Флик “Ямаль бол 17 настай гэхэд аргагүй гоц тоглогч. Үнэхээр гайхалтай хөлбөмбөгч. Гэхдээ хамгийн гол нь багийн тоглолт. Энэ удаад манай багийнхан бүгдээрээ хамгийн сайн формтой байгаасай гэж би хүсэж байна” гэжээ.

Харин эдгэсэн Роберт Левандовски гараанд гарахгүй гэдгийг Флик баталгаатай хэлжээ. “Бид хэд өчигдөр сайн ярилцсан. Левандовски сэлгээгээр гарахад бол бэлэн. Хэрвээ шаардлага гарвал гаргана. Бие нь сайн байгаа. Шаардлагатай үед багтаа туслахад бэлэн байх болно” гэж Флик хариулаад “Интер”-ийн тухай “Хоёр баг хоёулаа л финалд шалгарахыг хүсч байгаа. Бид тоглолтдоо хурдан “орох” нь их чухал. “Интер”-ийн бүрэлдэхүүн чанга шүү дээ. Яаж тоглохоо ч маш нарийн сайн мэддэг. Сул орон зайнуудыг л сайн хаах хэрэгтэй. Бүгд хамгаалалтандаа туслах ёстой. Довтолгоондоо маш хүчтэй болохоор их хичээж байж л зогсоож чадна. Бид ямар сайн баг вэ гэдгээ л харуулах хэрэгтэй болж байна” гэж ярьжээ.

Интер”-ийн дасгалжуулагч Симоне Инзаги “Ямальд бөмбөг очуулахгүй л байх хэрэгтэй. Гэхдээ тэгэх боломжгүй л дээ. Мэдээж, бид түүнийг “барих” гэнэ. Их анхаарал ч тавина. Маш их авъяастай, маш аюултай тоглогч болохоор багийнхан нь түүнд л бөмбөгөө өгөх гэнэ. Сэтгэлгээний хурд нь намайг бүр бишрүүлсэн шүү. Хэзээ ч яаж тоглох ёстойгоо мэддэг юм билээ” гэсэн байна.

Лаутаро Мартинесийг энэ тоглолтод оролцоно, оролцохгүй гэсэн яриа гарсаар байгаа. Өмнөх тоглолтын сүүлч рүү зовиур мэдрээд суусан. Эхлээд энэ тоглолтод оролцох боломжгүй гэж хэвлэлээр эхэндээ мэдээлэл тарсан ч гэлээ өчигдөр багийнхантайгаа хамт бие халаалт хийж харагдсан гэнэ. Тиймээс энэ маш чухал тоглолтод зовиураа мартаад гарахаар тэмүүлж байгаа бололтой.

Дани Ольмо өмнөхөөсө илүү сайн тоглож байж хэцүү өрсөлдөгчөө давж гарах боломжтойг сануулсан байна. “Бид сайн тоглоод, сайн үр дүнд хүрнэ гэж найдаж байгаа. Өнгөрсөн долоо хоногийнхоосоо илүү сайн тоглох ёстой. Мөн тоглолтын явцад анхаарал алдаж огт болохгүй. “Интер”-ийг тэгж тоглож тэнцэхэд бид гайхаагүй. Энэ бол их хүчтэй баг. Стандарт, сөрөг довтолгоо сайтай, хагас хамгаалагчид нь чанартай” хэмээн Ольмо өгүүлсэн байна.

Exit mobile version