CGTN мэдээ
Хятад Орос хамтарсан мэдэгдэл нийтэлж, Хятад-Оросын стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргалаа
Хамтарсан мэдэгдэлд заахдаа, Энэ жил дэлхийн фашизмыг эсэргүүцсэн дайн, тэр дундаа Хятад, Зөвлөлтийн түүхэн ялалтын 80 жилийн ой тохиож байна. Азид Хятад, Европт Зөвлөлт улс энэхүү дайн дахь гол тулгуур хүчнүүд байсан бөгөөд тэд хүн төрөлхтний нэр төрийг хамгаалж, дэлхийн энх тайвныг дахин сэргээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Хятад, Орос Дэлхийн II дайны ялалтын үр дүнг хамгаалж, түүхийг гуйвуулах аливаа оролдлого, хоёр улсын түүхэн гавьяаг гутаан доромжлох үйлдлийг эрс эсэргүүцнэ. Японы засгийн газар түүхийн асуудалд хариуцлагатай, хянуур хандаж, милитаризмтай бүрэн ангид байх ёстой.
Хятад, Оросын харилцаа түүхэн дээд хэмжээнд хүрсэн бөгөөд талууд “Хятад-Оросын найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-ний зарчмуудыг баримтлан бүх салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэдгээ бататган, Оросын тал “Нэг Хятад”-ын зарчмыг баримталж, “Тайванийн тусгаар тогтнол”-ыг эсэргүүцэж байна. Цаашид хоёр улс батлан хамгаалахын салбарт хамтран ажиллаж, цэргийн итгэлцлийг нэмэгдүүлэх, хамтарсан сургуулилтаа өргөжүүлнэ.
Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд талууд хоёр талын худалдааг тогтвортой хөгжүүлж, бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, эрчим хүчний түншлэлийг бэхжүүлэх, банк санхүүгийн хамтын ажиллагааг ахиулах, хилийн боомтын дэд бүтцийг сайжруулах, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зэргийг эрчимтэй хийж, 2030 он гэхэд чансаатай хөгжлийг хангахыг хичээнэ.
Соёл хүмүүнлэгийн салбарт хоёр улс соёлын олон янз байдлыг дэмжиж, энэ салбарын хамтын ажиллагааг улс төржүүлэхийг эсэргүүцнэ. Мөн боловсрол, хэвлэл мэдээлэл, архив, соёл урлаг, кино, спорт, залуучуудын харилцаа зэрэг салбарт хамтран ажиллаж, оюутан солилцооны хүрээг тэлэхийг дэмжинэ. Үүнээс гадна экологийн хамгаалалт, биологийн олон янз байдлыг хадгалах чиглэлээр хамтарч ажиллана гэжээ.
Түүнчлэн хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, олон улсын нөхцөл байдлын талаар хоёр улс зарим орон болон тэдний холбоотнууд түүхийг гуйвуулж, олон улсын дэг журмыг бусниулах оролдлого хийж буйд санаа зовниж байгаагаа илэрхийллээ. Мөн олон улсын хуулийг чанд мөрдөж, НҮБ-ын гол үүргийг хамгаалж, олон туйлт дэлхий, илүү шударга олон улсын харилцааг цогцлоохыг уриаллаа. Үүнээс гадна, НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд илүү ойр хамтран ажиллаж, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, хиймэл оюун ухааны зохицуулалт, хүмүүнлэгийн тусламж зэрэг олон асуудлаар хамтран ажиллах болно гэжээ.
Бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС-ийн хүрээнд нягт хамтран ажиллаж, бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоог бэхжүүлэх, эдийн засгийн уналтад хамтдаа хариу арга хэмжээ авах, ганц талт дарамт шахалт, ивээх бодлогыг эсэргүүцэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцсон байна. Мөн дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хамгаалах, терроризмын эсрэг тэмцэх, бүс нутгийн хурцадмал байдалд оновчтой шийдэл олох талаар нийтлэг байр сууриа илэрхийлжээ.