Covid-19
Путин Кремлийн ордонд Ши Жиньпинг цайлав

Цайллагын үеэр Ши Жиньпин хэлэхдээ, “Дэлхий дахин гүн гүнзгий өөрчлөлт, сорилт бүхий шинэ эринд шилжиж байна. Ийм нөхцөлд Хятад, Орос хоёр улс стратегийн тогтвортой байдлаа хадгалж, харилцан итгэлцэл, хамтын ажиллагаагаа тууштай үргэлжлүүлж байгаа нь ямар ч гаднын хүчин зүйл хоёр улсын хөгжилд саад болж чадахгүйг харуулж байна. Мөн хоёр орны ард түмний уламжлалт найрамдлыг сулруулах боломжгүй бөгөөд олон туйлт дэлхий, эдийн засгийн даяаршлын чиг хандлагыг зогсоох боломжгүй. Ерөнхийлөгч тантай ойр дотно харилцаагаа хадгалж, Хятад-Оросын харилцааг стратегийн түвшинд удирдан чиглүүлж, дэлхийн засаглалын шинэ хэлбэрийг цогцлоох үйлсэд хувь нэмэр оруулахад бэлэн байна” гэжээ.
Владимир Путин хэлэхдээ, “Орос, Хятад хоёр улс түүхэнд эв санааны нэгдэлтэй байж, бие биеэ дэмжиж ирсэн. Хоёр орны найрамдал эвдэршгүй бат бөх бөгөөд би дарга тантай стратегийн ойр харилцаатай байж, харилцаагаа улам гүнзгийрүүлэхийн зэрэгцээ, дэлхийн тогтворгүй нөхцөл байдлыг хамтаар даван туулж, стратегийн иж бүрэн түншлэлийг шинэ шатанд хүргэх, олон улсын шударга ёс, ардчилал, олон туйлт дэлхийн хөгжлийг урагшлуулахыг зорьж байна” гэв.
Мөн хоёр улсын төрийн тэргүүнүүд Украины хямрал зэрэг олон улсын чухал асуудлаар санал солилцсон байна. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс дэлхийн аюулгүй байдлын нийтлэг, иж бүрэн, хамтын ажиллагаанд суурилсан, тогтвортой үзэл баримтлалыг баримталж, бүх улс орны аюулгүй байдлыг тэнцвэртэй авч үзэх ёстой хэмээн үздэг гэв. Тэрээр, Хятад улс энх тайвныг дэмжсэн аливаа хүчин чармайлтыг сайшааж, шударга, урт хугацаанд хэрэгжих, талуудын хүлээн зөвшөөрөхүйц энхийн шийдэлд хүрэхийг зорьдог гэв.
Путин Украины хямралыг улс төрийн арга замаар зохицуулахыг зорьж буй Хятадын бодитой, шударга байр суурийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлээд, Орос улс урьдчилсан ямар ч нөхцөлгүйгээр энхийн хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн бөгөөд шударга, тогтвортой энхийн хэлэлцээрт хүрэх боломжтой гэдэгт итгэлтэй байна гэжээ.
