Дэлхий
Намын хөрөнгөөс 38 тэрбум вон завшсан улстөрчийг БАРИВЧЛАХ зөвшөөрөл хүсжээ
Өмнөд Солонгосын Үндэсний хувьсгалт намын дарга, 77 настай Хо Гён Ёныг хүчин, луйвар, улс төрийн хөрөнгө хувьдаа завшсан зэрэг хэд хэдэн зүйл ангиар баривчлах хүсэлт гаргажээ.
Тус улсын Кёнгги Букбу мужийн цагдаагийн газар дахь авилгатай тэмцэх хэлтсийн мөрдөх албанаас өгсөн мэдээллээр өнгөрсөн пүрэв гарагт Ерөнхийлөгчийн сонгуульд хэд хэдэн удаа өрсөлдөж байсан шашны гаж урсгалын тэргүүн Хо Гён Ёныг баривчлах хүсэлтийг прокурорт хүргүүлсэн гэжээ.
Түүнийг намынхаа хөрөнгөөс ойролцоогоор 38 тэрбум воныг хувьдаа завшсан хэмээн үзэж буй бөгөөд “Тэнгэрийн ордон” хэмээх шашны байгууллагынхаа нэрийн дор итгэгч эмэгтэйчүүддээ бэлгийн дарамт үзүүлдэг байсан гэжээ. Тэрээр эмэгтэй итгэгч нарынхаа сүнсийг “эдгээнэ” гэх нэрийдлээр өвөр дээр нь суух эсвэл тэврэхийг шаарддаг байжээ. Мөн “сүнслэг” нөлөө бүхий бүтээгдэхүүнүүдийг хэт өндөр үнээр борлуулдаг байсан нь луйврын шинж чанартай болох нь тогтоогдсон байна.
2023 оны 12-р сард түүний дагагчдын хэсэг бүлэг нь түүнийг луйвар болон мөнгө шамшигдуулсан хэргээр цагдаад мэдүүлжээ. Үүний өмнө буюу тухайн оныхоо хоёрдугаар сард 22 хүн мөн гомдол гаргаж байсан ба түүнийг олон нийтийн газар бэлгийн дарамт үзүүлсэн гэж мэдүүлж байжээ.
Түүнийг цагдаа нар 2023 оны 4 болон 9 дүгээр сард шалган, 10 гаруй удаа байцаалтад дуудаж “Тэнгэрийн ордонд”-д нэгжлэг хийжээ. Гэсэн ч тэрээр дээрх бүх хэргийг үгүйсгэсэн байна.
Цагдаагийн байгууллагаас түүнийг баривчлах хүсэлт илгээсэн тухайгаа “Одоогоор бидэнд байгаа баттай баримт нотолгоон дээр үндэслэн баривчлан хүсэлт хүссэн. Прокурорын байгууллага уг хүсэлтийг хүлээн авч, мөрдөн шалгалтын ажил үргэлжилж байгаа” гэжээ.