Дэлхий
Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ
Аливаа хүнийг бэрх хэцүү цагт нь найз нөхөд, танилууд нь ихэвчлэн орхин явж, харилцахаа больдог тухай яриа их гардаг. Тэгвэл талбай дээр байсхийгээд л хүн хазчихдаг уругвай довтлогч Луис Суаресийг 2014 оны ДАШТ-д Италийн Жоржио Кьеллинигийн мөрийг хазаад Дэлхийгээр нэг шүүмжлүүлж, гэрээсээ ч гарч чадахгүй суухад нь Хосе Мухика өмөөрсөн юм.
Хосе Мухика тухайн үед Уругвайн Ерөнхийлөгч байлаа. Хоч нь Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч. Яагаад гэвэл 1987 оны Volkswagen Beetle унана. Баян хүнд бол урц гэж хэлж болохоор умгархан байшинд амьдарна. Цалингийнхаа 90 хувийг ядуучуудад зориулсан санд тогтмол хандивлана.
Ер нь орчин цагийн улстөрчдийн яг эсрэг дүр. Худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, хий баярхахгүй, бие хамгаалагчдынхаа араар нуугдахгүй. Шударга үнэн үгтэй, эрх чөлөөг жинхэнэ утгаар нь мэдрэгч байлаа. Тиймдээ ч оршуулга нь хүртэл сүр дуулиангүй, сүртэй хөгжим, тавилтгүй намуухан болоод өнгөрчээ. Түүнийг өчигдөр эцсийн замд нь үдсэн байна.
Луис Суарес ДАШТ-ий тайзан дээр өрсөлдөгчөө хазахад Мухика “Шүүгчийн шийдвэрийг үргэлж дагаж мөрдөж яваа гэж хөлбөмбөгт сургадаг. Гэтэл энэ тоглолтыг үзэхэд заагаагүй пенальти ямар олон байв? Суаресийг хазахыг би хараагүй. Ер нь Суаресийг философч юмуу механикч эсвэл сайн үйлийн үлгэрийн баатар болоорой гэж талбайд гаргаагүй юм шүү дээ. Тэр бол зүгээр л гайхамшигтай хөлбөмбөгч. Магадгүй манай Уругвайг жижиг улс болохоор хөлбөмбөгчийг нь хүртэл дорд үзээд байх шиг. Яагаад манай хөлбөмбөгчид хазахыг ч хүртэл хийдэг вэ гэвэл ядуу тарчиг амьдралаас босож ирэх ганц арга нь чадах бүхнээ хийх, эцсээ тултал үзэлцэх байдаг юм” хэмээн Хосе Мухика өгүүлж байсан юм.
Орчин цагийн Ерөнхийлөгч хэмээх дарангуйлагчид өөрсдөдөө алтан ордон босгуулж, амьддаа бунхан бариулж байхад Мухика аяга тавгаа өөрөө угаадаг байлаа. Мундаг гэх удирдагчид ард түмнийхээ дуу хоолойг хааж, амыг нь барьж байхад Мухика өөрийнхөө сул талын тухай ний нуугүй ярьдаг байлаа. Ард түмнийхээ үлэмж хувийн саналаар Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн хугацаа нь дуусаад явах болохдоо хохирогчийн дүр бүтээж жүжиглэсэнгүй, ардын баатар мэт харагдуулах пиар ч хийсэнгүй. Зүгээр л цаг нь боллоо гээд хаалгаа хаагаад гэртээ харьсан юм.
Одоо тэр үгүй боллоо. Түүнтэй хамт эрх мэдэл гэдэг бол дээрэм тонуул биш харин үйлчилгээ. Автомат буутай явсан хүн өш авах гэж бус харин эвлэрүүлэн нэгдэхийг сонгож болдгийг харуулсан ертөнц эргэж буцалтгүйгээр явчихсан мэт сэтгэгдэл зарим хүнд төрж буй биз ээ. Хосе Мухика ядуу буурай оронд оюун санааны тэрбумтан байж болдгийг нотолсон. Тэр өөрийгөө ард түмний эцэг, бурхан тэнгэр гэж хэлүүлэхийг хүсэлгүй зөвхөн Пепе гэх хоч нэртэйгээ л үлдэхийг хүсч, түүгээрээ ч амьдарсан юм.
Нефтийн шэйхүүд, эрүүгийн элементүүдийн гарт орсон өнөөгийн ертөнц баян мэт харагдавч үнэн чанартаа хавчигдмал ядуу болж хувирсан. Яагаад гэвэл худалдагддаггүй, офшорт нуух ч хөрөнгөгүй, өөрийгөө бурхан мэт тахиулахыг хүсээгүй сэтгэлгээний суутан, оюун санаагаараа цулайсан их баян нэгэн өөд болж одлоо.