Улс төр
Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын ажил энэ сарын 14-өөс албан ёсоор эхэллээ. Энэ үеэр Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Гашуунсухайт, Ганцмодны боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Олон жил гацсан энэ төслийг улстөрч хүний болоод салбарын сайдын хувьд юу гэж дүгнэж байна вэ?
-Улс төр гэхээс илүү Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой том төсөл. Тиймээс Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн. Тэгвэл Гашуунсухайт, Ганцмодны боомтын төмөр замын хил холболтын ажил өнөөдөр биеллээ олж байна. Олон жил дуншсан асуудал. Өнөөдөр нээлт хийж, маргаашаас барилгын ажил албан ёсоор эхэлнэ. Тендерт Хятадын төрийн өмчит хоёр компани орсноос Хятадын төмөр замын барилгын корпорац /CRCC/ шалгарсан. Сая тус компанийн захиралтай Ганцмод боомт дээр уулзлаа. Ажлаа цаг алдалгүй эхэлнэ гэдгийг хоёр тал ярьж тохирлоо. Энэ том төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн хөдөлж байвал бидэнд үнэ цэнтэй. Төмөр замаа ашиглалтад оруулчихвал Монгол Улсын нүүрсний экспорт нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа.
-Төмөр замын онцлог нь гүүрэн байгууламжтай байна гэсэн. Хэмжээ нь ямар байх вэ. Тендерт Монголын компаниуд яагаад ороогүй юм бол?
-28м өндөр, доод талдаа 10м өндөртэй гүүрэн байгууламж баригдана. Манай дотоодын компаниудын хувьд гүүрэн байгууламж барьж байсан туршлага байхгүй учир тендерт оролцоогүй гэж ойлгож байгаа.
-Ашиглалтад орох хугацаа хоёр жил байсныг 22 сар болголоо гэж байна. Амжих болов уу?
-Хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламж, өргөн болон нарийн царигийн өртөө, технологийн барилга, байгууламж зэрэг суурь бүтцийн ажил маргаашаас эхэлж, 22 сарын дотор гүйцэтгэж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Энэ төсөл хэрэгжсэнээр 87 жилийн түүхтэй манай улсын төмөр замын салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж, Монгол, Хятад хоёр улсын хилийг дамнасан анхны гүүрэн байгууламж бүхий төмөр зам бий болж, цаашид Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж, боомтууд ачаа нэвтрүүлэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэх чухал ач холбогдолтой юм.
-Төмөр замын ашиглалтыг яаж тооцсон бэ?
-Анх гэрээ хийхдээ төсөр замын ашиглалтыг 50, 50 хувь буюу тэнцүү байхаар тооцож заалт оруулсан байгаа. Өмнө нь буруу зөрүү ойлголтууд их явсан учраас гэрээндээ тодорхой заасан. Олон улсын гэрээнээс гадна гурван гэрээг цогцоор нь хийсэн. Мөн тусдаа дахиад хэлэлцэр байгуулсан. Хэлэлцээртээ нэлээд нарийн асуудлуудыг тусгаж өгсөн.
-Бүтээн байгуулалтын ажил тасалдахгүй байгаасай гэж ярьж байна. Манай улсын талаас хариуцах, хамаарах зүйлүүд юу байгаа вэ?
-Бүтээн байгуулалтын энэ ажлыг манай улсын зүгээс олон жил хүлээж байгаад эхлүүлж байна. Тиймээс дунд нь гацах вий, зогсох вий гэсэн үүднээс бүхий л хүндрэл бэрхшээлийг арилгаж, хил, гаалийн асуудлыг ч нэлээд бодож хийсэн. Ялангуяа орж ирж ажиллах хүчийг тусгай бүс байгуулан байршуулж, ажлыг нь саадгүй явуулах дээр хилийн цэрэг, хил хамгаалах байгууллагуудад үүрэг өгсөн байгаа. Гаалийн тухайд орж ирж байгаа зуурмагаас өгсүүлээд арматур, барилгын бусад хэрэглэл, материалыг тусад нь бүртгэж аваад дараа нь гаалийн бүрдүүлэлт хийх зэргээр зохицуулсан. Хамгийн гол нь бүтээн байгуулалтыг зогсоохгүй, ялих шалихгүй шалтгаанаар гацаахгүй байх бүх зохицуулалтыг хийсэн.
-Нийтдээ долоон багц ажил байгаа юм байна. Үүнээс ЗТЯ алийг нь хариуцаж байгаа вэ?
-ЗТЯ-ны зүгээс барилгын ажлыг л хариуцна. Долоон цогц ажлаас зарим нь худалдан авалтын ажлууд байгаа. Тухайлбал, хил, гаальтай холбоотой асуудал, тоног төхөөрөмж худалдаж авах зэрэгт ихэвчлэн тухайн байгууллага, Сангийн яам холбогдох мэргэжлийн байгууллагууд нь хийж байхаар хуульчилсан. Үүнээс ЗТЯ зөвхөн барилгын асуудлыг л хариуцаж байгаа.
-Бүтээн байгуулалтад 900 тэрбум төгрөгийн зардал гаргаж байгаа гэсэн. Зардлаа хэдэн жилийн дараа нөхөх бол?
-Хараахан 900 тэрбумд хүрээгүй. Ер нь бол төсөвт өртөг нь 840 тэрбум байхаар тендер зарласан. Анх 979 тэрбум байсныг буулгасан. Зардлаа эргэж нөхөх хугацааг 1-2 жилийн дотор гэж тооцоолж байгаа. Төмөр зам бол өөрөө хамгийн өртөг багатай тээврийн хэрэгсэл. Төмөр замаа холбочихвол өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар бол жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Мөн, импортын бараа бүтээгдэхүүн орж ирнэ. Нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэхэд энэ төмөр зам чухал хувь нэмэр оруулна.
-Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээр, гэрээний үндсэн чиглэлд энэ хил холболтыг хийчихвэл дараа дараагийн боомтыг холбоод явчих боломжтой гэж тохирсон гэлээ. Үүгээр бол Сэхээ, Шивээхүрэнгийн боомт бараг түрүүлээд холбогдох юм байна гэж ойлгосон. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Гашуунсухайт, Ганцмодны боомтын төмөр замын хил холболтын ажил эхэлмэгц бусад боомтын хил холболтын хэлэлцээрийг явуулж эхэлнэ гэж хэлэлцээрт заасан. Ингэж чадвал сая таны асуусанчлан Сэхээ-Шивээхүрэнгийн боомтын холболт үндсэндээ 300 метрийн л зай байгаа юм. Үүнийг үргэлжлүүлээд энэ ажлынхаа араас шийдчих боломжтой. Сая бид ярилцсан. Энэ асуудлыг үргэлжлүүлэн ярих үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Тэгэхээр Сэхээ-Шивээхүрэнгийн боомт түрүүлээд ашиглалтад орох бүрэн боломжтой.
-Үүнийг мөн Хятадын компани ТЭЗҮ боловсруулж, хийх үү?
-Үгүй. Сэхээ-Шивээхүрэн бол төр, хувийн хэвшлийн түншлэлээр баригдсан байгууламж шүү дээ, нарийн царигтай. Наашаа хил дотроо баригдчихсан. Одоо хоёр хил холбоход 300-аад метрийн зай үлдсэн байгаа. Тэрэн дээр Монголын компани ч гэсэн өөрсдөө хийгээд холбочихоор юм билээ. Бид газар дээр нь очиж үзсэн.
-Энэ төмөр зам ашиглалтад орохоор авто тээвэр зогсох уу гэдэг асуудал байгаа. Тээвэрлэгчдийн эрх ашгийн асуудал яригдана. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Бид нүүрснийхээ экспортыг нэмэгдүүлнэ гэж байгаа болохоор төмөр зам ашиглалтад орсон ч нүүрс экспортолж буй авто тээврийн компаниудад ямар нэгэн харшлах зүйл байхгүй шүү дээ. Түрүүнд Ерөнхий сайд нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ дурдсан шүү дээ, “Бүх төмөр замууд холбогдоод, төмөр зам, авто зам нийлж байж жилд 165 сая тн нүүрс экспортлох боломжтой” гэж. Тэгэхээр авто тээвэр байдгаараа байна гэж ойлгож болно. Аль аль нь ажлын байртай байна гэсэн үг.
-Төмөр замын салбар өргөжиж байгаатай холбоотойгоор Төмөр замын агентлаг байгуулах шаардлага үүсч байгаа гэсэн. Улсын төсөвт ачаа ирнэ, дээр нь бүтэц бүрэлдэхүүнээс эхлээд энэ салбар данхайх юм биш үү?
-Төсөв данхайхгүй. Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтын нэгдсэн төв УҮГ-ыг татан буулгаж, Зам, тээврийн сайдын 2025 оны төсөвт багтаан, Зам, тээврийн яамнаас агентлагийн чиг үүргийг хэрэгжүүлдэг тодорхой тооны орон тоог шилжүүлэх замаар Төмөр замын агентлаг байгуулж байгаа. Улсын төсөвт дарамт учруулахгүй байхаар тооцсон.
-Цаашид Монгол Улсын төмөр замын салбарт тулгамдаж буй ямар асуудлууд байгаа вэ?
-Монгол Улсын төмөр замын салбарын хөгжилд гадаад, дотоод олон зүйлүүд нөлөөлдөг. Дэлхийн эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж буй өнөө үед бид маш хурдтай, мэдрэмжтэй байж төмөр замын салбараа хөгжүүлэх хэрэгтэй. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд төмөр замын салбарын хамтын ажиллагааны асуудлаар дэлхийн бүхий л улстай эрх тэгш хамтран ажиллахыг эрмэлздэг. Тэр дундаа хоёр хөрштэйгөө хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна. Энэ утгаараа юуны өмнө Монгол Улс болон хөрш орнуудтай ашиг сонирхол нийцэж байх учиртай. Эдгээр асуудлын зүй тогтлыг олж, бусад улс оронтой харилцан ашигтай хамтран ажиллаж чадвал төмөр замын салбарыг хөгжүүлэхэд гадаад талын нөлөөлөл харьцангуй бага байх юм. Дотоод хүчин зүйлийн хувьд олон асуудал бий. Төмөр замын салбарыг хөгжүүлэхтэй холбоотой улс төрийн шийдвэрийг гаргуулахад маш хүнд. Төмөр зам гэдэг улсын эдийн засаг, хөгжлийн асуудалтай шууд холбогддог мега төслүүд учраас УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын асуудал гээд яривал тулгамдсан асуудал их бий. Гэхдээ Монгол Улс нэг үеэ бодвол өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан төмөр зам барьж болдог гэдгийг манай үндэсний компаниуд харуулж чадсан. Тэгэхээр төмөр замын салбарт төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой улс төрийн шийдвэрийг гаргаж, дээр нь хөрөнгө оруулалтыг шийдчихвэл ямар ч төслийг манай үндэсний компаниуд, Монголын инженер техникийн ажилтнууд, ажилтан, алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан бие дааж гүйцэтгэх чадамжтай, ийм бололцоо дүүрэн бий.