Нийгэм
Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Олон улсын музейн өдөр нь жил бүрийн тавдугаар сарын 18-нд болдог уламжлалтай. Олон улсын музейн зөвлөлөөс “Хөгжиж буй нийгэмд музейн гүйцэтгэх үүрэг нөлөө” гэсэн уриан дор 1977 оноос Олон улсын музейн өдрийг амжилттай зохион байгуулж иржээ.
Манай улсад анх 1998 онд Монгол цэргийн музейн байранд энэ өдрийг тэмдэглэж байсан түүхтэй. Түүнээс хойш буюу өдгөө 27 дахь жилдээ энэ өдрийг амжилттай зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааны цар хүрээ, ач холбогдол нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа юм. Олон улсын музейн өдрийг тэмдэглэхдээ жил бүр өөр сэдэв, уриа дэвшүүлдэг. Энэ жил “Хурдтай хөгжиж буй нийгэм дэх музейн ирээдүй” уриан дор энэ өдрийг зохион байгуулж байна. Монгол цэргийн музейн ерөнхий менежер Б.Азбаяр “Хурдтай хөгжиж буй нийгэм дэх музей ер нь яаж өөрчлөгдөх вэ гэвэл нэгдүгээрт, музейн ажилтан, албан хаагчдынхаа мэдлэг боловсролд илүү анхаарах, хоёрдугаарт, музейн эд өлгийн зүйлсийн хадгалалт, хамгаалалтад анхаарах, гуравдугаарт, музейн цаашдын тогтвортой үйл ажиллагаанд анхаарах гэсэн дэд зорилтыг хэрэгжүүлж байгаа юм. Монгол цэргийн музейгээс гурван албан хаагч Олон улсын музейн зөвлөлийн гишүүнээр байдаг. Олон улсын музейн зөвлөлд байснаараа Монгол цэргийн музейд ямар ач холбогдолтой вэ гэвэл олон улсын музейн хөгжил, стандарт, чиглэл зэрэг мэдээллийг тасралтгүй авах, олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулж буй музейнүүдтэй мэдлэг, боловсрол, ажилтан, албан хаагч солилцох зэргээр хамтарч ажилладаг” гэж ярилаа.
Монгол цэргийн музей Олон улсын музейн өдрийн нээлтээ хийж, “Буудлагын зэвсгийн хөгжил” үзүүлэнгээ шинэчлэн дэглэснээ танилцуулав.
Мөн “Эрдэнэсийг олцгооё” танин мэдэхүйн боловсролын хөтөлбөрийг зохион байгуулж, “Музейчид цэргийн албанд” танин мэдэхүйн аяллыг Зэвсэгт хүчний … дугаар ангид зохион байгууллаа. Эдгээр арга хэмжээнд Улаанбаатар хот дахь төрийн өмчит музейнүүдийн төлөөлөл, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дэргэдэх музейн ажилтнууд, ҮБХИС-ийн “Тэмүүжин өрлөг” сургуулийн сурагчид идэвхтэй оролцов. Дэлхийн түүхийг судалъя гэвэл Монголын түүхийг судла. Монголын түүхийг судалъя гэвэл цэргийн түүхийг судла гэдэг үг бий. Монгол цэргийн музей байгуулагдаад энэ жил 59 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна.
Монгол Улсад байгаа төрийн цэргийн ганц музей гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Бусад төрийн цэргийн музейнүүд маань алдрын танхим, байгууллагын хүндэтгэлийн булан хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг юм. Музейн хуулиараа музей нь өөрийн зориулалтын байртай, тусдаа төсөвтэй, мэргэжлийн ажилтан, албан хаагчидтай, өөрийн гэсэн эд өлгийн зүйлтэй байж албан ёсоор хүлээн зөвшөөрөгддөг. Стандартаар нь музейг үндэсний, улсын, орон нутгийн, хувийн гэж дөрөв ангилдаг. Монгол цэргийн музей нь улсын зэрэглэлийн музейд хамаарч үйл ажиллагаа явуулж байна. Шууд удирдлага нь БХЯ, мэргэжлийн хувьд ССАЖЗЯ-аас чиг үүргээ авч ажилладаг юм. Одоогоор таван танхимтай, 9962 эд өлгийн зүйлтэй, 36 ажилтан, албан хаагчтайгаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Байр байгууламжийнхаа багтаамжид тааруулаад одоогоор 800 гаруй эд өлгийн зүйлээ таван танхимаараа үзүүлж сонирхуулах боломжтой ч сардаа нэг удаа үзмэрээ шинэчлэн байршуулж, дэглэдэг аж. Аль болох хадгалж байгаа зүйлүүдээ олон нийтэд үзүүлэхийг хичээдэг байна. Музей нь хадгалагдаж байгаа эд өлгийн зүйлсээрээ зэрэг зиндаа нь илэрхийлэгдэж байдаг. Эд өлгийн зүйлийг хосгүй үнэт, үнэт гэж ангилдаг. Монгол цэргийн музей хотгор илд хэмээх дахин давтагдашгүй, хосгүй үнэт бүтээлтэй.
Монгол цэргийн музей байгуулагдаад ганцхан жарантай золгох гэж байгаа хэдий ч монгол цэргийн үүх түүх хэдэн мянга, хэдэн зууны тэртээгээс яригддаг билээ. Тиймээс ч Монголын цэргийн түүхийн олдвор харьцангуй их байдаг. Дэлхийн талыг эзэлж явсан гүрний цэргийн диктатур, цэргийн эд хэрэгсэл нь дэлхийн түүхтэй салшгүй холбоотой байдаг учраас Монгол цэргийн музейд харьцангуй эртний олдвор ч их бий. Харин технологийн хувьд жаахан хоцорч яваа аж. Тиймээс Цэргийн урлагийн танхим буюу шинэ технологитой хосолсон танхимыг 60 жилийн ойгоо угтан нээхээр тэд ажиллаж буй юм байна.
