Дэлхий
Хубэй мужид коронавирусний халдварыг илрүүлэх үзлэг шалгалтыг улам эрчимжүүллээ

БНХАУ-д тэр дундаа шинэ коронавирусний халдварын голомт болсон Хубэй мужид халдварын тархалтыг тогтоон барих, урьдчилан сэргийлэх эрчимтэй арга хэмжээг авч эхлээд байна. Японы Иокагамад тусгаарлагдсан аялал жуулчлалын хөлөг онгоцны хөл хорионы хугацаа дуусч хүмүүсийг буулгалаа. Коронавирусний халдвар авсан хүмүүсийн эмчилгээний зарим аргууд үр дүнд хүрч байгааг албаныхан мэдэгдсэн. Мөн вирусний халдвар хүнээс хүнд төдийгүй муу усны хоолой, эд зүйлээр дамжин халдварлагдаж байж болзошгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа зэрэг нь өнөөдрийн гол мэдээлэл болж байна.
Хятадын Хубэй мужид шинэ төрлийн Коронавирусний халдварын тархалтыг зогсоохын тулд өнгөрсөн 1 дүгээр сарын 20 ноос хойш өндөр халуурч эмийн сан, онлайн худалдаанаас ханиад болон халууны эм худалдан авсан хүмүүсийн мэдээллийг нягталж, гэрээр нь очин үзлэг шинжилгээ хийж эхэлсэн байна. Үүний тулд эмнэлгийн байгууллагууд, амбулаториуд өндөр халуурч хандсан өвчтөнүүдийн мэдээллийг нэгтгэн гаргаж өгөх, тэдний эрүүл мэндэд хяналт тавьж түүнийгээ өдөр тутамд мэдээлэх үүрэг хүлээж байгаа юм байна. ийм арга хэмжээг мужийн бүх хот тосгон, дүүрэгт зохион байгуулж байна. Мөн оршин суугчдад хандаж сайн дураараа үзлэгт хамрагдаж, сэжигтэй тохиолдол бүрийг мэдээлэхийг уриалж байна.
