CGTN мэдээ
Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна
Хятадын тал энэ үйлдэлд эрс эсэргүүцлээ илэрхийлж, оюутнуудынхаа хууль ёсны эрх ашгийг хамгаална гэдгээ мэдэгдсэн. Учир нь сүүлийн жилүүдэд АНУ-ын эрх баригчид гадаадын, ялангуяа Хятадын оюутнууд руу чиглэсэн олон хориг, хязгаарлалтын арга хэмжээ авч буй. Үүнд зарим мужид тодорхой мэргэжлээр элсэлт авахыг хязгаарлах, олон улсын оюутнуудад олгодог тэтгэлгийг бууруулах, Хятадын оюутнуудын мэдээллийг их сургуулиудаас шаардах зэрэг багтжээ.
Энэ удаа АНУ “Хятадын засгийн газартай холбоотой” эсвэл “чухал салбарт суралцдаг” оюутнуудын визийг үндэслэлгүйгээр цуцалж, үндэсний аюулгүй байдал нэрийдлээр Хятад, Америкийн хүмүүнлэгийн харилцааг таслахыг оролдож байна. Хятадын Дипломатын Академийн профессор Ли Хайдүн энэ үйлдлийг “соёлын дайн” өрнүүлж буй стратегийн нэг хэсэг хэмээн дүгнэжээ.
АНУ-ын Олон улсын боловсролын хүрээлэнгийн “Open Doors” тайланд дурдсанаар, 2023-2024 оны хичээлийн жилд АНУ-ын их дээд сургуулиудад 1.1 сая орчим гадаад оюутан суралцаж байгаа нь нийт оюутны 6 хувийг эзэлж байна. Тэдгээрийн 277,000 нь Хятад оюутнууд бөгөөд энэ тоо 2019 онд 370,000 байсан бол уналттай байгааг тэмдэглэсэн. Гэсэн ч Хятад улс олон улсын оюутны хоёр дахь том “эх үүсвэр” хэвээр байна.
Америкийн их, дээд сургуулиуд ч энэ бодлогын эсрэг байр суурь илэрхийлжээ. Харвард, MIT, Калифорнийн Их Сургууль зэрэг нэр хүндтэй их сургуулиуд шүүхэд гомдол гаргасан бол Apple, Google, Microsoft зэрэг томоохон технологийн компаниуд “визний хязгаарлалт нь Америкийн инновацийн чадавхид сөрөг нөлөөтэй” хэмээн анхааруулсан. Уэслийн Их Сургуулийн захирал Майкл Росын хэлснээр, АНУ-ын одоогийн бодлого нь “урвуу үр дагавар” авчрах нь тодорхой болжээ.
Боловсролын салбар нь үндэстнүүдийн хоорондын хамтын ажиллагааны гүүр болдог. Олон улсын оюутнуудын оролцоо буурвал судалгааны төсөл, мэдлэгийн солилцоо, хүний нөөцийн чадавх зэрэгт урт хугацааны сөрөг үр нөлөө үзүүлнэ. Тухайлбал, Google-ийн гүйцэтгэх захирал асан Эрик Шмидт хиймэл оюуны салбар дахь Хятадын судлаачдын хувь нэмрийг онцолж, “Хэрвээ бид тэднийг хасвал АНУ-ын технологийн манлайлалд ноцтой хохирол учирна” хэмээн анхааруулсан байна.