Энтертайнмент
Хакүхогийн талаар Кисэносато, Ооносато, Исэгахама ояката нар бодлоо дэлгэжээ

Мэргэжлийн Сүмогийн холбоо өчигдөр ёкозүна Хакүхогийн өргөдлийг хүлээн авч, Холбооноос гаргахаар шийдсэн.
Хакүхог ингээд сүмогийн ертөнцөөс холдож буйд олон хүн харамсаж буйгаа илэрхийлж буйн нэг нь ёкозүна Кисэносато юм. “Барилдаж байх цаг хугацаандаа бид хоёрт ярилцах боломж нэг их олддоггүй байлаа. Харин түүнийг тамирчны замналаа өндөрлүүлж, Холбоонд ажиллаж эхэлснээс хойш олон удаа ярилцсан. Сүмогоос ингэж гарч буйд нь би маш их харамсаж байна. Бид хоёр цаашид улам хичээн сайн ажиллана гэж ярилцсан юмсан” хэмээн Кисэносато өгүүлжээ.
Ёкозүна Фүтабаямагийн 69 дараалан давсан дээд амжилтыг эвдэхээр Хакүхо 63 давчихаад байхад 2010 оны Кюүшюү башёд давааг нь зогсоосон хүн бол Кисэносато.
“63 дараалж давсан ёкозүна гэдэг тэс өөр түвшинд байгаа гэсэн үг шүү дээ. Энэ бол итгэхийн аргагүй, гайхамшигтай ялалтын цуврал байсан.
Миний хувьд Хакүхо ёкозүнагийн ачаар хүчтэй болсон гэж боддог. Хэрхэн түүнтэй тэмцэлдэх үү, яаж ялагдахгүй байх вэ гэж хичээсэн минь миний амьдралыг өөрчилсөн.
Хэрвээ Хакүхо тийм хүчтэй байгаагүй бол би хүчтэй болохгүй байх байсан. Тэгж надад нөлөөлсөн хүн шүү дээ” хэмээн Кисэносато өгүүлсэн байна.
Тэгвэл Кисэносатогийн шавь ёкозүна цол хүртээд удаагүй Ооносато мөн бодлоо хэлжээ. “Ёкозүна Хакүхогийн тухай мэдээг сонсоод би цочирдсон. Би дунд сургуульд байхдаа Хакүхогийн цомд түрүүлсэн минь их урам зориг өгч байлаа. Тэр тэмцээн миний хувьд эргэлтийн цэг болсон гэж хэлж болно. Хакүхогийн цомд барилдсан хөвгүүдээс мэргэжлийн сүмод хүч сорьж буй өөр олон хүн бий” гэжээ.
Исэгахама дэвжээний ояката Хакүхог Холбооноос гарсан талаар ярихдаа “Би Миягино оякатаг Холбоонд үлдээхийг хичээсэн. Олон ч удаа ятгасан. Дэвжээг нь мөдхөн нээх байх гэж ч хэлсэн.
Хэрвээ дахиад жаахан тэвчвэл дэвжээ нь нээгдэнэ байх гэж ч хэлсэн. Гэвч тэр шийдвэр дээрээ маш хатуу зогссон.
Түүнийг үлдээж чадаагүйдээ уучлалт хүсье. Миягино ояката шавь нартаа их санаа зовж, түргэхэн дэвжээгээ сэргээн нээхийг хүсэж байлаа. Шавь нартай нь ч ярилцахад бүгдээрээ дэвжээндээ эргээд очихыг хүсч буйгаа хэлсэн” хэмээн өгүүлсэн байна.
