Дэлхий
Өмнөд Солонгост ээлжит бус ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сонгууль эхэллээ

2025 оны 6-р сарын 3-ны өдөр, өглөөний 6 цагаас эхлэн БНСУ даяар 14,295 санал хураах байр нээгдэж, ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль албан ёсоор эхэллээ.
Энэ сонгууль нь 2024 оны 12-р сард Ерөнхийлөгч Юн Сок Ёль эх орондоо шалтгаангүйгээр онц байдал зарласантай холбогдуулан огцорч, түүнийг огцорсноос хойш хуулийн дагуу 60 хоногийн дотор шинэ ерөнхийлөгчийг сонгох шаардлагатай болсонтой холбоотой юм. Юн Сок Ёлийн хувьд эхнэр Ким Гён Хигийн хамтаар санал хураах байранд ирж саналаа өгчээ.
Өглөөний 09:00 цагийн байдлаар сонгогчдын ирц 9.2 хувьтай байсан бөгөөд 4 сая гаруй хүн саналаа өгөөд байна. Санал хураалт оройны 20:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Сонгуулийн Ерөнхий хорооноос ялагчийг шөнө дунд гэхэд зарлах аж.
Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигч И Жэ Мён рейтинг өндөртэй байна. 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд хоёрдугаарт орж байсан тэрээр эдийн засгийн шинэчлэл хийгээд нийгмийн эрх тэгш байдалд өөрчлөлт оруулна гэдгийг гол мөрийн хөтөлбөрөө болгож байна.
Нэр дэвшигч Ким Мүн Сү жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд нийгмийн үнэт зүйлсийг хамгаалахыг зорьж буйгаа илэрхийлсэн ба И Жэ Мёныг авторитар дэглэм тогтоохыг зорьж байна хэмээн мэдэгдээд байгаа аж.
Тус улсын шинэ ерөнхийлөгч сонгогдсон даруйдаа ажлаа хүлээн авч, эдийн засгийн тогтворгүй байдал болон Хойд Солонгостой холбоотой цөмийн аюул зэрэг тулгамдсан асуудлуудад анхаарлаа хандуулан ажиллах болно. Энэ удаагийн сонгуульд тус улсад томоохон нөлөө үзүүлнэ гэж үзсэн иргэд идэвхтэйгээр саналаа өгч байгааг эх сурвалжууд онцолжээ.
