Энтертайнмент
Хакими: Их мөнгөтэй болчихоор итгэх хүн олдохгүй юм

Францын “Парис Сэн-Жэрмэйн” түүхэндээ анх удаагаа Европын клубүүдийн хамгийн алдартай тэмцээн Аваргуудын лигт түрүүлээд удаагүй байна.
Энэ том ялалтад хүрэхэд марокко хамгаалагч Ашраф Хакимигийн оруулсан хувь нэмэр их. Финалд л гэхэд эхний гоолыг оруулж, багийнхнаа улам чөлөөтэй, өөртөө итгэлтэй тоглох боломжийг бүрдүүлж өгсөн билээ.
Хувийн амьдралын тухайд бол Хакими ганц бие. Хоёр хүүхэдтэй. Өөрөөсөө 12 насаар эгч эхнэрээсээ салаад хоёр жил болж байна. Түүнээс хувийн амьдралынх нь талаар асуухад ийн өгүүлжээ.
“Гэр бүлээ цуцлуулсны дараа би өөрийгөө хайрлаж, халамжилж сурсан. Мөн цаашид эмэгтэй хүнтэй яаж харилцах ёстой вэ гэдгээ ч ойлгож авсан. Хэдийгээр би ганц бие ч гэлээ гэр бүл, үр хүүхэдтэй цагийг өнгөрүүлж, өөрийнхөөрөө байх боломжтой болсон.
Хань болчихоор эмэгтэй хүн олоход хэцүү юм билээ. Гэхдээ тийм хүн олдоно гэж найдаж байна. Их мөнгөтэй болчихоор итгэх хүн олдохгүй юм. Би цөөхөн хэдхэн хүнд итгэдэг. Ер нь мөнгөнөөс шалтгаалахгүйгээр намайг хайрладаг ганц хүн бол ээж минь л байх.
Ээжийнхээ ачаар л би мөнгөө зөв зарцуулж сурсан. Байр байшин юмуу эсвэл машин авахдаа одоо ч гэсэн ээжээсээ заавал асуудаг. Яагаад гэвэл миний л мэдэхийн ээж биднийг удирддаг байсан. Одоо ч тэр чигээрээ байг гэж боддог юм.
Хүүхдүүд минь миний бүх юм. Аав нь хэзээ ч, хаана ч байлаа гэснээ хайрлаж, хамгаалж явна гэдгээ мэдрүүлэхийг хүсдэг. Хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй хэцүү үе байсан. Надад маш их аз жаргал бэлэглэдэг хүүхдүүдийнхээ төлөө өдөр бүр амьдралд суралцаж, илүү сайн аав байхыг хүсдэг” хэмээн Хакими өгүүлжээ.
2023 оны эхээр Ашрам Хакими эхнэр Хиба Абукаас салахаар өргөдлөө өгсөн юм. Өөрөөс нь 12 насаар эгч Абук өргөдөл өгсний маргаашаас л Хакимигийн хөрөнгийн тал хувийг авахаар хөөцөлдөж эхэлжээ. Гэвч ямар ч нэмэр болсонгүй. Учир нь Хакими бүх хөрөнгөө ээжийнхээ нэр дээр бүртгүүлчихсэн байж. Мөн цалингийнхаа 80 хувийг ээждээ өгдөг тул Абук сарын 1 сая еврогийн цалингаас нь ч өөдтэй мөнгө авч чадаагүй юм. Хиба Абук нь Испанийн El Principe сериалд тоглосноор од болсон жүжигчин эмэгтэй ажээ.
