Улс төр
Агаарын тээврийг хялбаршуулах Ази-Номхон далайн бүсийн форум Улаанбаатарт болно

Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ICAO) нь Монгол Улсын Засгийн газартай хамтран 2025 оны долоодугаар сарын 7-8-ны өдрүүдэд “Агаарын Тээврийг Хялбаршуулах Ази-Номхон Далайн Бүсийн Форум (FALF 2025)”-ыг зохион байгуулна.
Чуулга уулзалт нь ICAO-ын Агаарын тээврийг хялбаршуулах жил (FAL2024)-ийн үр дүнг дэлгэрэнгүй нэгтгэн дүгнэх, бүс нутгийн хооронд хил гааль, иргэний нисэхийн хялбаршуулалт, аюулгүйн хамгаалалт зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэх, Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын Хавсралт 9 (Annex 9)-д заасан стандартыг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, олон улсын туршлага, шинэлэг технологийн чиг хандлагыг танилцуулах зорилготой.
Форумаар агаарын тээврийг хялбаршуулах хөтөлбөр, Зөвлөлийн гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хилийн удирдлага, хялбаршуулалтын бүс нутгийн хамтын ажиллагаа, чадавхыг сайжруулах, машинаар уншигдах аяллын бичиг баримт, Нийтийн түлхүүр сан (PKD)-д нэгдэх, цахим шилжилт, хялбаршуулалтын ирээдүй, улсын хилээр нэвтрүүлэхэд хиймэл оюун ухаан, автоматжуулалтыг ашиглах талаар шинэ санаа санаачлагууд, зорчигчийн урьдчилсан мэдээлэл (API), зорчигчийн нэрийн бүртгэлийг нэвтрүүлэх шаардлага, НҮБ-ын Терроризмтой тэмцэх хөтөлбөрийн хэрэгжилт, нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, зорчигчийн урсгалыг зохицуулах дижитал шийдэл, агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг хөгжүүлэхэд сургалт, техник төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах шинэ санаа, санаачлагууд зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Форумд Ази, Номхон далайн бүс нутгийн 40 гаруй орны төлөөлөгчид оролцоно.
