Улс төр
Ерөнхий сайдаас огцорсон ч УИХ-ын гишүүн хэвээр байгаа Л.Оюун-Эрдэнийг шалгах асуудлын тухай
Хүүгийнх нь тансаг хэрэглээтэй холбоотой Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө, орлогынхоо эх үүсвэрийг хууль ёсны болохыг нотол гэх шаардлагыг иргэд тавьсаар даруй сар гарны хугацаа өнгөрлөө.
Тэрээр өөрт нь итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг УИХ-д оруулсан ч 44 гишүүн тус тогтоолын төслийг батлахыг дэмжсэн санал өгсөн нь Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийт гишүүний олонх” буюу 64 ба түүнээс дээш гишүүн дэмжсэн байх саналын босгод хүрээгүй. Ингэснээр Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцох юм.
Гэсэн хэдий ч иргэдийн дунд “орлогоо нотлох ёстой биз дээ”, “одоо орлогыг нь яаж нотлуулах вэ, одоо шалгах уу” гэх зэрэг эргэлзээ байгаа хэвээр байна.
Л.Оюун-Эрдэнэ ийнхүү Ерөнхий сайдаасаа огцорсон ч тэрээр УИХ-ын гишүүн хэвээр үлдэх бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа 2028 онд дуусах юм. Тэгвэл, УИХ-ын гишүүний хувьд “халдашгүй дархан эрх”-тэй хүнийг хэрхэн шалгах вэ гэдэг асуудал үүснэ.
Л.Оюун-Эрдэнийн халдашгүй эрх эсвэл бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах хугацаанд тэрээр УИХ-ын гишүүн хэвээр байна гэсэн үг.
Л.Оюун-Эрдэнийн хувьд чуулганы хуралдааны үеэр иргэдийн шаардлагатай холбогдуулан АТГ-аас түүний хүү О.Тэмүүлэнг шалгаж байгаа гэж мэдэгдсэн. Гэхдээ, иргэдийн шаардлага хүүг нь шалгуулъя гээгүй. Харин, О.Тэмүүлэн хэдий насанд хүрсэн ч төдий хэмжээний тансаг хэрэглээний зардал гаргахаар өндөр ашиг, орлоготой бизнестэй байх насны хүн биш тул иргэдийн хувьд тус тансаг хэрэглээний зардлыг ааваас нь буюу Л.Оюун-Эрдэнээс гаралтай гэж үзэж Л.Оюун-Эрдэнийн орлогын эх үүсвэр, хөрөнгө нь хууль ёсны эсэхийг нотлохыг, шалгахыг шаардаад байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “… Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна. …” гэж заасан байдаг.
Түүнчлэн, УИХ-ын тухай хуулийн 45.2.2-т зааснаар “гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзэн Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан” бол УИХ-аас Л.Оюун-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр байна.
УЕП-оос дээрх заалтын дагуу санал оруулсан тохиолдолд тус хуулийн 45.4-т заасны дагуу гишүүний халдашгүй байдал, эсхүл бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ хүлээж авснаас хойш ажлын таван өдрийн дотор шийдвэрлэнэ.
Ийнхүү шийдвэрлэхтэй холбоотой процесс дарааллыг УИХ-ын тухай хуульд дараах байдлаар хуульчилжээ. Үүнд:
45.6. Гишүүний халдашгүй байдал, эсхүл бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо эхэлж хэлэлцэн санал, дүгнэлтээ Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх ба Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанд зөвхөн тухайн дэд хорооны гишүүд оролцоно.
Монгол Улсын Их Хурлын тухай хууль
45.7. Нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний халдашгүй байдал, эсхүл бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.
45.8. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний халдашгүй байдал, эсхүл бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжээгүй бол энэ асуудлаар шийдвэр гаргахгүй.
45.9. Гишүүний халдашгүй байдал, эсхүл бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан талаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг нэгдсэн хуралдаанд Улсын ерөнхий прокурор уншиж танилцуулснаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал, эсхүл бүрэн эрхийг сэргээх тухай тогтоол баталсанд тооцно.
Дээрхээс харвал, халдашгүй байдал эсхүл бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг “хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих” гэсэн саналын босгоор шийдвэрлэхээр байна. Тухайлбал, нийт 126 гишүүнээс хамгийн багадаа 65 гишүүн хуралдаанд оролцсоноор ирц бүрдэж хуралдлаа гэхэд тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 33 нь халдашгүй байдал эсхүл бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг дэмжсэн тохиолдолд АТГ буюу эрх бүхий байгууллагаас Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогын эх үүсвэр, гэр бүлийн гишүүний тансаг хэрэглээ хууль ёсны эсэхийг бүрэн дүүрэн хянаж шалган тогтоох боломжтой болохоор байна.
Л.Оюун-Эрдэнэ үнэхээр энэ хэдэн өдөр иргэд бидэнд хандаж хэлсэн үгс шигээ шударга, хууль зөрчдөггүй, айх зүйлгүй мундаг улс төрч юм бол дээрх процессоор шалгуулаад явахад татгалзах зүйл байхгүй байх ёстой.
Харин, УЕП-оос ийм санал гаргаагүй эсвэл ийнхүү санал гаргасан ч УИХ уг хүсэлтийг дэмжихгүй буюу батлахгүй байвал АТГ нь Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болтол албан ёсоор яллагдагчаар татах, мөрдөн шалгах, процессын аливаа ажиллагаа (нэгжлэг, саатуулах гэх мэт)-г явуулах боломжгүй байхаар байна.
Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “… Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна. …” гэж заасныг харвал бүрэн эрхийг нь түдгэлзүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, гишүүнээс эгүүлэн татах 2 тусдаа ойлголт гэдэг нь харагдаж байна.
Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн халдашгүй эрх эсвэл бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах хугацаанд тэрээр УИХ-ын гишүүн хэвээр байна гэсэн үг. Зөвхөн тухайн хяналт шалгалтаар хууль зөрчсөн буюу гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах бөгөөд харин аливаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тохиолдолд УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл үүсэхээргүй байна.
Л.Оюун-Эрдэнэ үнэхээр энэ хэдэн өдөр иргэд бидэнд хандаж хэлсэн үгс шигээ шударга, хууль зөрчдөггүй, айх зүйлгүй мундаг улс төрч юм бол дээрх процессоор шалгуулаад явахад татгалзах зүйл байхгүй байх ёстой.