Дэлхий
Билл Гэйтс $200 тэрбумын хөрөнгийнхөө ихэнхийг Африкт хандивлана

Microsoft компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтс ирэх 20 жилийн хугацаанд өөрийн хөрөнгийн дийлэнх хувийг Африкийн эрүүл мэнд, боловсролын салбарыг сайжруулахад зарцуулна гэв.
Өдгөө 69 настай тэрбээр Этиопийн нийслэлд үг хэлэхдээ “Эрүүл мэнд, боловсролоор дамжуулан хүний нөөцөө бүрэн дүүрэн хөгжүүлж чадвал Африкийн бүх улс хөгжин цэцэглэж чадна” гэжээ.
Түүнчлэн залуу үеийн шинэ санаачлагчдад хиймэл оюун ухааныг эрүүл мэндийн салбарт хэрхэн үр дүнтэй ашиглах талаар бодож, ажил хэрэг болгохыг уриалсан байна.
Гэйтс өнгөрсөн сард 2045 он гэхэд хөрөнгийнхөө 99 хувийг хандивлаж, тэр үеэр өөрийн нэр дээрх “Билл ба Мелинда Гэйтсийн сан”-гийн үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөж буйгаа зарласан юм.
Энэ талаар тэрбээр “Би саяхан ирэх 20 жилийн хугацаанд өөрийн бүх хөрөнгийг хандивлана гэж амласан. Энэ хөрөнгийн дийлэнхийг Африкт тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд зориулна” гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын “Америкыг нэгдүгээрт тавих” бодлогын хүрээнд АНУ Африкт үзүүлдэг тусламж, тэр дундаа бэлгийн замын халдварт өвчний эсрэг хөтөлбөрүүдийг зогсоосон нь тус тивийн эрүүл мэндийн салбарт эрсдэл үүсгээд буй.
Гэйтсийн сан Африкт олон жилийн турш үйл ажиллагаа явуулсан бөгөөд цаашид анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарахаа илэрхийлжээ.
