Энтертайнмент
Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв
Үндэстнүүдийн лигийн тэмцээний шөвгийн дөрвийн эхний Герман – Португалын тоглолт өчигдөр шөнө Мюнхен хотын “Альянц Арена”-д боллоо.
Талбайн эздийг зочин Португалын шигшээ 1:2-оор хожсоноор финалд шалгарсан юм. Хожлын гоолыг 40 настай Криштиано Роналдо оруулснаар замналынхаа гоолын тоог 937-д хүргэлээ.
Тоглолтын өмнө нэгэн фанат стадионы хамгаалагчдын хажуугаар гүйн, талбайд гарч чадсан төдийгүй Криштиано Роналдогийн араас зууран авсан явдал болжээ. Хамтдаа зураг авахуулахаар хамаг аргаа хэрэглэн гарч ирсэн фанатыг Роналдо ердийн үзэгдэл шиг хүлээн авсан ч араас зуурсан нь Португалын шигшээгийн дасгалжуулагч Роберто Мартинесийн санааг зовоосон байна.
“Ийм юм байж болохгүй. Ингэж гүйн гарч ирнэ гэдэг, тэгээд араас нь зуурч зогсооно гэдэг буруу үйлдэл. Фанатууд ихэвчлэн биширсэндээ зураг авахуулах гэдэг л дээ. Гэхдээ хэн нэгэн муу санаа агуулан гарч ирвэл юу болох вэ?” хэмээн Роберто Мартинес тоглолтын дараа өгүүлжээ.
Мюнхенд хүчтэй салхи дэгдсэний улмаас тоглолт 10 минут хоцорч эхэлсэн. Роналдогийн хувьд шигшээдээ 219 удаагаа тоглож, 137 дахь гоолоо орууллаа.
Үндэстнүүдийн лигийн шөвгийн дөрвийн нөгөө тоглолт буюу Испани – Францын шигшээгийн тоглолт өнөө шөнө УБ цагаар 03:00-д эхэлнэ.
Испанийн шигшээд Ламин Ямаль байгаа бол Францад Усман Дембеле бий. Энэ хоёрыг онцолж нэрлэхийн учир нь “Алтан бөмбөг”-ийг гардах хамгийн өндөр магадлалтайд тооцогдож байгаа. Магадгүй өнөө шөнийн тоглолт бага ч атугай энэ хувийн өрсөлдөөнд нөлөөлж мэдэх юм.
“Та нар хэнд санал өгөх вэ? Улирлын турш шилдэг байсанд нь уу, эсвэл нэг тоглолтод хожсонд нь уу? Миний хувьд энэ улирлын турш шилдэг байсан тоглогч бол Дембеле. Гэхдээ хүн бүр өөрийнхөөрөө л дүгнэж буй байх. Пүрэв гаригт бол бид хожно гэдэгтээ итгэлтэй байна. Тэгэхдээ энэ тоглолтод хэн хожсоноос үл шалтгаалан улирлын турш шилдэг байсан тоглогчид л би санал өгөх байсан.
Дембеле бид хоёрын тоглолт пүрэв гаригт хүссэнээр болохгүй бол яах болж байна? Та нар хэнд саналаа өгөх үү? Ням гаригт финалд тоглох нэгэнд санал өгөх үү? Дахиад хэлэхэд, миний хувьд бол улирлын турш шилдэг байсан тоглогч л “Алтан бөмбөг” гардах ёстой гэж боддог. Гэхдээ хүмүүс пүрэв гаригт хожсон нь аваг гэж байгаа бол түүгээр л болог” гэж Ламин Ямаль өгүүлсэн юм.
Ер нь Ямаль бодсноо шулуухан хэлчихдэг юм билээ. Жишээ нь, “Барселона”-гийн 10 дугаарыг ирэх улиралд авах эсэх тухай асуултад хариулахдаа “10 дугаараас болоод дарамтанд орно гэж үү? Хаалга руу бөмбөг цохихдоо би өмсгөл дээр минь ямар дугаар байгаа билээ гэж боддоггүй шүү дээ” гэсэн юм.