Энтертайнмент
Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Мэргэжлийн боксын рингнээ гаралгүй 4 жилийг үдсэн Филиппинийн цуут тамирчин Мэнни Пакьяо 46 нас хүрсэн ч гэлээ ширүүн тулаан хийхээр бэлтгэлдээ оржээ. Түүний өрсөлдөгч нь WBC-гийн хагас хөнгөн жингийн Дэлхийн аварга Марио Барриос юм.
“Тэр бол Дэлхийн аварга, чанга эр. Гэхдээ би том сорилтод дуртай. Боксоо санасан ч байна. Хэдэн жил амарсан минь сайнаар ч нөлөөллөө. Хурд миний давуу тал байх болно. Хөдөлгөөн, хурд хэвээрээ байгаа. Биеийн бэлтгэлийн тал дээр ч, мэдрэмжийн тал дээр ч надад төсөөрсөн, алдсан юм огт байхгүй” гэж Мэнни Пакьяо мэдэгджээ.
Мэнни Пакьяо мэргэжлийн боксын рингэнд 62 ялалт байгуулж, 8 ялагдаж, 2 тэнцсэн дүнтэй. Ялалтын 39 нь нокаут. Харин Дэлхийн аварга Марио Барриос 29 ялалт, 2 ялагдал, нэг тэнцээтэй, 18 удаа өрсөлдөгчөө нокаутаар ялсан, одоо 30 настай.
Барриос 183 см өндөртэй бол Пакьяо 170 см. Өөрөөр хэлбэл, нуруу, гарын уртын хувьд хоёр тамирчинд хол зөрүү бий.
“Тийм ээ, тэр надаас өндөр. Гэхдээ би түүх бүтээх дуртай. Бэлтгэлээ сэргээн хийж эхэлмэгцээ л урьдын хүч, чадвараа алдаагүй байгаагаа мэдэрсэн. Эмчдээ очиж үзүүлээд, тулаан хийх боломжтой гэдгээ ч мэдсэн. Тэгэхээр би цоо эрүүл, тулаанд бэлэн. Угастай хийсэн тулааны хувьд бол би буруу бэлдчихсэн юм. Тулааны явцад гуйвж дайвалзаж, хөдөлж чадахаа больсон. Уг нь тэр их удаан шүү дээ. Гэтэл бэлтгэл буруу хийснээсээ болоод би өөрөө хөдөлж чаддаггүй. Харин энэ удаад хуучин дасгалжуулагч Фредди Роуч дээрээ очиж, бэлтгэлээ хийж байгаа. Хуучны Мэнни эргээд сэргээд гараад ирнэ. Дараа нь яахыг одоогоор мэдэхгүй байна. Ямар ч байсан тулаанаа хийчихье. Тэгээд бодно доо” хэмээн Мэнни Пакьяо өгүүлжээ.
Харин Марио Барриос “Рингний гадна бол би Мэнниг маш их хүндэлдэг. Харин рингэн дээр бол миний ээлжит нэг өрсөлдөгч. Аваргын бүсийг минь авахыг хүсэж буй боксчдын нэг. Би Дэлхийн аварга гэдгээ нотлох болно. Бүр багаасаа л Мэнниг хэвлэлийн хурал хийлгэж буйг үздэг байлаа. Хайхрамжгүй хэнэггүй мэт харагдавч рингэн дээр их өөр байдаг юм” гэсэн байна.
Энэ тулаан Лас-Вегаст долоодугаар сарын 19-нд болно. Марио Барриосыг мэргэжилтнүүд суларч буй аварга гэж үздэг. Гэхдээ нас, чацны хол зөрүүтэй энэхүү тулаан олны сонирхлыг гойд татах биз ээ.
Амир Хан энэ тулааны талаар бодлоо хэлэхдээ “Барриосын эсрэг Мэнни гэдэг бол төгс тулаан. Би Барриостой бэлтгэл хийж үзсэн. Мэнни Пакьяо шиг тулаанчид бол ямар ч аюулгүй өрсөлдөгч. Нэг их хүнд тулаан ч биш. Яагаад гэвэл Барриос ердийн нэг боксчин. Хүний хувьд давгүй залуу байна лээ. Мэннид их хэрэгтэй, зөв тулаан болов уу. Бэлтгэлээ дутуухан хийлээ ч гэсэн ялчихаж мэднэ.
Хэрвээ Мэнни ялчихвал намайг түүнтэй тулгах уу? Мэдээж, би рингнээ дахин гармаар л санагддаг. Мэнни ялбал улам л тэгж санагдах байх. Эргээнд рингэнд гараад аварга боллоо гээд төсөөл дөө. Магадгүй тэгэх ч юм билүү. Энэ амьдрал чинь галзуурмаар эргэлтээр дүүрэн шүү дээ” гэжээ.
