Дэлхий
Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэрбумтан Илон Маск нарын зөрчил ширүүсч, бие биенээ олон нийтийн өмнө хурцаар шүүмжилж эхлэв.
Тодруулбал Илон Маск Трампын санаачилсан татварыг бууруулж, батлан хамгаалахын салбарын зардлыг өсгөх төсвийг ихээхэн шүүмжилсэн. Өөрийнх нь “төгс” гэж үзэж буй энэ төсвийг Маск шүүмжилсэнд сэтгэл дундуур байгаагаа Трамп хэлсэн юм.
Трамп “Илон бид хоёр сайн харилцаатай байсан. Гэхдээ цаашид ийм байх эсэхээ мэдэхгүй байна” гэжээ.
Үүнээс хойш тэдний дундах зөрчил ширүүсч, бие биедээ хаяглан цахим сүлжээнд сэтгэгдлээ бичсээр байна. Илон Маск “Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан” гэсэн бол үүнийг Трамп Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа үгүйсгэсэн аж.
Өнгөрсөн онд Илон Маск Трампын сонгуулийн кампанит ажилд болон Бүгд найрамдах намын зарим гишүүдэд 290 орчим сая ам.доллар хандивласан. Харин Трамп энэ мөнгийг аваагүй ч ялалт байгуулах байсан гэсэн байна.
Түүнчлэн Трамп өөрийн цахим хуудастаа “Бид тэрбум тэрбумаар нь мөнгө хэмнэх хамгийн амархан арга бол Илоны төрөөс авдаг татаас, гэрээнүүдийг зогсоох” гэж бичжээ.
Үүний дараа Уолл Стрит дэх хөрөнгө оруулагчид Илон Маскийн үүсгэн байгуулсан цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн хувьцааг их хэмжээгээр зарж эхлэв.
Тус компанийн хувьцаа нэг өдөрт 14.3 хувиар унаж, ойролцоогоор 150 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээг алджээ. Энэ нь Тесла компанийн түүхэнд нэг өдөрт хүлээсэн хамгийн өндөр алдагдал болж байна.
Үүнээс хэдхэн минутын дараа Илон Маскын постын доор нэгэн хэрэглэгч “Трампыг огцруулах хэрэгтэй” гэсэн сэтгэгдэл бичихэд Илон Маск “Тийм ээ” гэсэн хариулт өгчээ.
