CGTN мэдээ
Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

Хятадын талаас Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн, АНУ-ын талаас Сангийн сайд Скотт Бессен, Худалдааны сайд Ховард Лутникаар ахлуулсан хоёр улсын өндөр түвшний төлөөлөгчид Лондон хотноо уулзаж, сүүлийн саруудын хурцадмал байдлыг зөөллөхөөр хэлэлцээ хийж эхэлсэн нь олон улсын зах зээл, нийлүүлэлтийн сүлжээ, эдийн засгийн тогтвортой байдалд нааштай дохио болж буй юм.
Лондон хотноо даваа гарагт эхэлсэн яриа хэлэлцээний үеэр худалдаа, экспортын хяналт, газрын ховор элементийн нийлүүлэлт зэрэг стратегийн ач холбогдол бүхий сэдвүүдийг хөндөж байна.
Ховор элементүүдийн экспорттой холбоотой асуудал нь энэхүү хэлэлцээний гол анхаарлын төвд байгаа бөгөөд эдгээр материалыг автомашин, батлан хамгаалах, өндөр технологи зэрэг салбарууд өргөнөөр хэрэглэдэг. Хятадын тал дэлхийн эдгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шаардлагатай ховор элементийн томоохон нийлүүлэгч гэдгийг олон улсын зах зээл хүлээн зөвшөөрдөг бөгөөд сүүлийн үед гарсан экспортын хязгаарлалт дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөлж буй юм. Тэгвэл дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хоёр гүрэн харилцан ойлголцолд хүрч чадвал:
· Дэлхийн үйлдвэрлэл сэргэнэ: Цахилгаан автомашин, ухаалаг төхөөрөмж, батлан хамгаалахын үйлдвэрлэлд тасалдал үүсэх эрсдэл багасна.
· Зах зээл тогтворжино: Хэлэлцээний нааштай үр дүн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, дэлхийн хөрөнгийн биржид эерэг хүлээлт үүсгэнэ.
· Инфляц буурах нөхцөл бүрдэнэ: Импортын татвар, нийлүүлэлтийн доголдлоос үүдсэн үнийн өсөлт намжиж, хэрэглэгчдийн амьдралд эерэг нөлөө үзүүлнэ … гэж олон улсын шинжээчид үзэж байна.
БНХАУ болон АНУ нь дэлхийн эдийн засгийн хоёр гол хөдөлгөгч хүч гарцаагүй мөн. Иймээс хоёр улс хоорондын худалдааны уур амьсгал зөвхөн тэдгээрийн асуудал биш, харин дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд шууд нөлөөлдөг асуудал билээ.
Өнгөрсөн сард Женевт болсон уулзалтаар талууд тодорхой түвшний ойлголцолд хүрч, худалдааны хурцадмал байдал түр намжсан ч бодит ахиц төдийлэн гараагүй юм. Харин энэ удаагийн Лондоны яриа хэлэлцээ нь талуудын харилцан итгэлцлийг бэхжүүлэх алхам болно гэж шинжээчид найдаж байна.
Түүнчлэн хоёр улсын удирдагчид саяхан утсаар ярьж, санаа бодлоо солилцсон нь талууд харилцан ойлголцлыг эрэлхийлж буйг илтгэн харуулсан. Хэрвээ хоёр тал энэ удаагийн худалдааны яриа хэлэлцээгээр тодорхой ахиц гаргаж чадвал талуудад төдийгүй дэлхийн бусад улс оронд ч ач холбогдолтой юм.
Дэлхий дахинд тулгамдсан аливаа зөрчил маргаан, асуудлуудыг шийдэх цорын ганц гарц нь яриа хэлэлцээ хийж, харилцан ойлголцох билээ. Худалдааны хоёр хүчирхэг гүрэн ойлголцолд хүрэх эсэхийг ийнхүү дэлхий нийт чих тавин хүлээж байна.
Г.Солонго
