CGTN мэдээ
Хятад-Төв Азийн стратегийн түншлэл: Эртний Торгоны зам-эдүгээгийн хамтын хөгжлийн жим

БНХАУ болон Төв Азийн анхны дээд хэмжээний уулзалт эртний Торгоны замын гол зангилаа, Хятадын эртний нийслэл Ши-Ань хотноо 2023 оны 5 дугаар сард болж, талууд дурсгалын зургаан анар мод тарьж байсан түүхтэй. Одоогоос хоёр жилийн өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Төв Азийн таван орон болох Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекистаны төрийн тэргүүнүүд урт хугацааны хамтын ажиллагааг бэлгэдэн тарьсан тэдгээр мод өдгөө үр жимсээ өгч, талуудын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхэжсээр байна.
Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтыг Хятад улсад болон Төв Азийн улс орнуудад хоёр жил тутамд ээлжлэн зохион байгуулахаар тохиролцсон. Тэгвэл талуудын хамтын ажиллагааг бүх түвшинд бэхжүүлэх боломжийг илүү өргөнөөр нээж өгөх ээлжит буюу хоёр дахь дээд хэмжээний уулзалт 6 дугаар сарын 17-нд Казахстаны Астана хотноо болох гэж байна.
Стратегийн түншлэл ба итгэлцэл
Хятад улс нь Төв Азийг зүгээр ч нэг газар зүйн хөрш бус, харин бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил дэвшлийн чухал түнш гэж үзэж байна.
Ши Жиньпин даргын хэлснээр, Өрнө болон Дорно, Өмнөд болон Умардыг холбосон стратегийн чухал ач холбогдол бүхий байршилд оршдог Төв Азийн бүс нутгийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд БНХАУ чухал ач холбогдол өгдөг юм. Тэр ч утгаараа БНХАУ-ын дарга 2013 оноос хойш тус бүс нутагт найман удаа айлчилж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал зэрэг платформуудаар дамжуулан хоёр талт болон олон талт түншлэлийг бэхжүүлсээр ирсэн байна. Өдгөө Төв Ази нь бүс нутгийн улс бүр нь БНХАУ-тай стратегийн түнш болсон дэлхийн цорын ганц бүс нутаг болоод буй бөгөөд энэ нь сайн хөршүүдийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа гэж чухам юу болохыг дэлхий нийтэд гэрчлэн харуулж, олон улсын харилцааны шинэ жишгийг тогтоогоод байна.
Ши-Анийн анхны дээд хэмжээний уулзалтын үеэр талууд Хятад-Төв Азийн хамтын ирээдүй бүхий нийгэмлэгийг цогцлоохын төлөө хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд энэхүү амлалт нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц хэмээх БНХАУ-ын дипломат бодлогын гол үзэл санаатай бүрэн нийцэж буй юм.
БНХАУ болон Төв Азийн улс орнуудын удирдагчдын улс төрийн нэгдмэл хүсэл эрмэлзэл нь талуудын хамтын ажиллагааны тогтвортой байдлын гол түлхүүр бөгөөд талууд хоёр талын хамтын ажиллагаагаа бэхжүүлээд зогсохгүй бүс нутагт олон улсын хамтын ажиллагааны шинэ жишгийг цогцлоож, илүү гэрэлт ирээдүйн замаар хамтдаа тэмүүлж буйг гэж олон улсын шинжээчид онцолж байна.
Бүс нутгийн эдийн засаг ба дэд бүтцийн шинэ эрин үе
БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын чухал хэсэг болох “Торгоны замын эдийн засгийн бүс” байгуулах санаачилгаа 2013 онд Астана хотод Ши Жиньпин танилцуулж байсан бол өнөөдөр уг санаачилга бодит ажил хэрэг болж, хэрэгжиж эхлээд байна. Тухайлбал, Хятад-Киргизстан-Узбекистаныг холбох төмөр замын төсөл 2024 оны сүүлчээр хэрэгжиж эхэлсэн билээ. “Бүс ба Зам” санаачилгын хамтын ажиллагааны шинэ загвар төсөл, эртний Торгоны замын гол төв байсан Хятадын Шинжаан Уйгурын ӨЗО-ы Кашгар хотоос эхэлж, Торугартын нурууг даван Киргизстаны Жалал-Абад, улмаар Узбекистаны Андижан хот хүртэл үргэлжлэх энэхүү төмөр зам нь бүс нутгийн тээврийн коридор төдийгүй Өрнө болон Дорнын улс орнуудыг холбосон стратегийн ач холбогдол бүхий гүүр болох юм.
Өнгөрсөн онд Хятад улс болон Төв Ази хоорондын худалдаа 94.8 тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд амжилт тогтоосон бөгөөд үүнд хил дамнасан цахим худалдаа чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Хятад улс өнөөдөр Төв Азийн худалдааны хамгийн том түнш бөгөөд хамгийн том хөрөнгө оруулагч болоод байна.
Соёлын гүүр
Хятад-Төв Азийн түншлэл зөвхөн эдийн засгаар хязгаарлагдахгүй. Соёлын өвийг хадгалах, хамгаалах, ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр ч талууд бодитой ажил хийсээр байна.
Тухайлбал, Хятадын мэргэжилтнүүдийн ахалсан соёлын өвийг сэргээн засварлаж, хамгаалах төслийн ачаар өдгөө Узбекистаны эртний хот Хива шинэ өнгө төрхтэй болоод буй юм.
Мөн Хятад улс нь Төв Ази дахь анхны Лубанийн цех буюу мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөө Тажикистанд нээж, инженерчлэл, усны менежмент болон байгаль хамгаалал зэрэг чиглэлээр хэдэн мянган мэргэжилтнийг бэлтгэн тус улсын боловсон хүчний хөгжилд хувь нэмэр оруулаад байна.
Түүнчлэн Казахстанд Бээжингийн Хэл, Соёлын Их Сургуулийн салбарыг нээсэн нь хэл соёлоор дамжуулан залуу үеийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх чухал гүүр болж байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Төв Азийн таван улсын төрийн тэргүүнүүд Хятад-Төв Азийн хоёр дахь дээд хэмжээний уулзалтад бүгд оролцохоо мэдэгдээд буй юм. Энэхүү уулзалт нь талуудыг хамтын ажиллагааны дараагийн шатанд хөтлөн шинэ зорилт, шинэ төсөл хөтөлбөрүүдийг тодорхойлж, Евразийн зүрхэн дэх бат бөх найрамдлыг улам бүр гүнзгийрүүлэх нь дамжиггүй.
Хятад-Төв Азийн түншлэл нь зүгээр ч нэг эдийн засгийн түншлэл бус — энэ бол түүх, соёл, итгэлцэл, хамтын хөгжил, энх тайван, тогтвортой байдлын төлөөх жинхэнэ стратегийн түншлэл юм.
Талуудын харилцаа, хамтын ажиллагааны энэ жишээ нь дэлхий дахинд олон талт хамтын ажиллагааны шинэ загвар, дипломат бодлогын амжилтыг харуулж, бүс нутгийн төдийгүй дэлхийн энх тайвны төлөөх хамтын зүтгэлийн тод илэрхийлэл болж байна.
Г.Солонго
