CGTN мэдээ
Ши Жиньпин Казахстаны Ерөнхийлөгч Токаев нар хэлэлцээ хийв

Орон нутгийн цагаар зургадугаар сарын 16-ны үдээс хойш Казахстаны ерөнхийлөгч К.Токаев Астана дахь ерөнхийлөгчийн ордонд Хятад улсын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийлээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Казахстаны харилцаа олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтийн сорилтыг даван туулж, үйл ажиллагаагаа байнга өндөр түвшинд байлгасаар ирсэн. Энэ нь уул усаар холбогдсон газар зүйн давуу тал, үе үеийн найрамдлын түүхэн өв уламжлалтай холбоотой бөгөөд хоёр орны хамтын хөгжлийг эрэлхийлэх зайлшгүй сонголт юм. Сүүлийн жилүүдэд бидний хамтын төлөвлөгөөний дагуу, Хятад Казахстаны хувь заяаны нэгдмэл цогц улам эрчимжиж, агуулгаа нь илүү баялаг болж, ажил хэрэгч, иргэдийн амьжиргаанд тус дөхөм үзүүлэх үр дүн улам бэхэжсээр хоёр орны ард түмний ололт амжилтын мэдрэмжийг цаашид нэмэгдүүлсээр байна. Хятад Казахстаны харилцааг стратегийн өндөрлөг, алс хэтийн өнцгөөс харж, Казахстантай хамтаар Хятад Казахстаны найрамдлыг гуйвшгүй бэхжүүлж, хоёр орны харилцааны тогтвортой байдал, эерэг эрч хүчээр бүс нутаг, дэлхийн энх тайван, хөгжилд улам их хувь нэмэр оруулахад бэлэн байна.
Ши Жиньпин онцлохдоо, Хятад, Казахстан хоёр орон өөр өөрийн хөгжил, сэргэн мандалтын чухал үе шатанд байгаа бөгөөд хоёр орон бүх талын хамтын ажиллагааг ахиулах ёстой. Нэгд, хоёр орны харилцааны хөгжлийг дээд түвшний стратегийн харилцан итгэлцлээр удирдан чиглүүлж, бие биенийхээ язгуур ашиг сонирхол, тулгамдаж буй томоохон асуудалд тууштай дэмжлэг үзүүлэх. Хоёрт, “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хүргэж, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч зэрэг уламжлалт хамтын ажиллагааны давуу талыг бататгаж, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, боомтын дэд бүтцийн өөрчлөлтийг ахиулж, ногоон, тогтвортой хөгжлийг ахиулах. Гуравт, аюулгүй байдлын бүх талын хамтын ажиллагаагаар хоёр орны амгалан тайван байдлыг сахин хамгаалж, батлан хамгаалах салбарын солилцоог өргөтгөж, терроризм, гамшгаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх. Дөрөвт, олон талт соёлын солилцоогоор хоёр орны найрамдлын үндсийг бататгаж, Казахстанд “Хятадын аялал жуулчлалын жил”-ийн арга хэмжээг сайтар зохион байгуулж, залуучууд, хэвлэл мэдээлэл, судалгааны төв, орон нутгийн солилцоог эрчимжүүлэхийг дэмжих ёстой гэжээ.
Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, Казахстан Хятад-Төв Азийн дээд хэмжээний 2 дахь уулзалтыг сэтгэл гарган бэлтгэж байгааг Хятад улс өндрөөр үнэлж байгаа бөгөөд энэхүү уулзалт нь Хятадын Төв Азийн хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээнэ гэдэгт найдаж байна.
К.Токаев хэлэхдээ, Хятад улс бол Казахстаны найрсаг хөрш, дотны анд, найдвартай түнш юм. Казахстан, Хятадын өнө мөнхийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа шинэ алтан эринд орж байгаа нь хоёр орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд тус дөхөм үзүүлж, хоёр талын ард түмэнд үр өгөөжөө өгч, улс орнуудын харилцааны үлгэр жишээ болж байна. Ши Жиньпин даргын удирдлага дор шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үйлс асар их амжилтад хүрсэн. Хятад улс цаашид ч илүү их амжилтад хүрнэ гэдэгт Казахстан чин сэтгэлээсээ баярлаж, бат итгэлтэй байна. НҮБ, ШХАБ, БРИКС, Хятад-Төв Азийн механизм, CICA зэрэг олон талт механизмд нягт хамтран ажиллаж, олон улсын дэг журмыг илүү шударга, үндэслэлтэй хөгжүүлэхийн тулд Хятадтай хамтран ажиллахад бэлэн байна.
Хэлэлцээний дараа, хоёр орны төрийн тэргүүн нар худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан технологи, гааль, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл зэрэг салбарыг хамарсан хоёр талын хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичгийг харилцан солилцоход байлцжээ.
