Энтертайнмент

Шэрки: Би “Манчестер Юнайтед”-ыг ****-ыг хүсч байна

Нийтэлсэн

Клубүүдийн ДАШТ эхлэхээс өмнө Английн “Манчестер Сити” тун идэвхтэй ажиллаж, дөрвөн шинэ тоглогч авч амжсан. Тэдний нэг 21 настай Райан Шэрки юм.

Францын “Лион”-ы академид 7 настайгаасаа суралцаж эхэлсэн Шэркиг хоёр хөлөөрөө яг адилхан сайн тоглодог гэж магтдаг юм. Үүнийгээ ч нотолж өнгөрсөн улиралд Францын лигт хаалга оносон 44 цохилт хийхдээ 22-ийг нь баруунаар, мөн 22-ийг нь зүүнээрээ цохисон гэсэн статистик дүн гарсан байна.

Шэркиг хууралт хөдөлгөөн сайтай ч тоглолт мэдрэхдээ муу гэж шүүмжилдэг байсан юм. Гэвч өнгөрсөн улиралд “Лион”-ы төлөө тоглохдоо 12 гоол оруулж, 20 гоолын дамжуулалт өгсөн нь хэн бүрийн анхаарлыг таталгүй яахав. Ингээд Английн “Манчестер Сити” залуухан бас эрэмгий тоглогчийн төлөө 30.5 паунд төлж худалдан авсан.

Шэркигийн хувьд “Манчестер Сити”-д ирсэн нь Пеп Гвардиолагийн удирдлага дор ажиллах хүслээс гадна мөн Манчестер хотын өөр нэг баг “Манчестер Юнайтед”-ыг алах зорилготой гэдгээ Англид ирээд өгсөн анхны ярилцлагадаа дурджээ.

“Гвардиолатай утсаар ярихад надад бүгдийг маш тодорхой тайлбарлаж хэлж өгсөн. Клуб, тогтолцоо, хот гээд бүгдийг ойлгомжтой, тодорхой хэлсэн. Тэгээд л би “Манчестер Сити-тэй нэгдэж, бүх цомыг өргөхийг хүссэн юм. Бас Пеп надад “Бөмбөг чам дээр очлоо л бол чөлөөтэй тоглож болно” гэж хэлсэн нь их сайхан санагдсан” гэжээ.

Мэдээж, Кевин Де Брюйнийг орлож тоглож чадах эсэх тухай асуултыг сэтгүүлчид тавьж таарна. Үүнд хариулахдаа “Би Кевин Де Брюйн биш. Би энд өөрийнхөө түүхийг бичихээр ирсэн. Өнөөдөр миний хамгийн чухал хүсэл бол талбайд байнга гарах. Энд ирснээр бүх талаараа алхам урагшлалаа гэж бодож байна” хэмээн хэлэв.

Шэрки хэдхэн хоногийн өмнө Үндэстнүүдийн лигийн финалд Францын шигшээд анх удаагаа тоглосон. Түүний хүсэл мөрөөдөл бол “Алтан бөмбөг” гардах гэдгийг ч нуусангүй. “Родриг “Алтан бөмбөг” гардаж буйг хараад надад ч бас тийм хүсэл төрсөн. Энэ багт Дэлхийн шилдэг хөлбөмбөгчид байгаа. Надад ч бас боломж бий” гэж тэр мэдэгдсэн байна.

Шэрки өнгөрсөн улиралд Европа лигт “Манчестер Юнайтед”-ын фанатуудыг даапаалж бэлэг эрхтнээ атган бүдүүлэг гэмээр үйлдэл гаргасан нь шуугиан тариад амжсан. Гэвч түүний баг хариу тоглолтын сүүлчийн минутад Харри Магуайрын гоолоор хожигдсон юм. Одоо тэгвэл Шэрки хариугаа авч, “Манчестер Юнайтед”-ыг алахыг хүсэж байгаа ажээ.

“Би бүр багаасаа “Лион”-ых болохоор “Манчестер Юнайтед” тулаанд ялсан нь яаж таатай санагдах билээ. Одоо тэдний эсрэг талбайд гарахыг тэсэн ядан хүлээх болно. Талбай гарч байгаад “Манчестер Юнайтед”-ыг алахыг хүсч байна” хэмээн өгүүлжээ.

Exit mobile version