Эдийн засаг

Дундаж нэрлэсэн цалин 2.6 сая төгрөгт хүрчээ

Нийтэлсэн

Дундаж болон голч цалинг Үндэсний статистикийн хороо улирал тутам танилцуулдаг. Энэ оны эхний улирлын байдлаарх улсын дундаж болон голч цалинг өнөөдөр танилцуулав.

Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын дундаж

  • Нэрлэсэн цалин 2 сая 622 мянган төгрөг,
  • Голч цалин 2 сая 245 мянган төгрөг,
  • Үндсэн цалингийн дундаж 2 сая 386 мянган төгрөг байна.

Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл 2025 оны 1 дүгээр улиралд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн өндөр буюу 4.9 сая төгрөг байна. Энэ  нь улсын дунджаас 88 хувиар өндөр байна.

Харин зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.7 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 35.5 хувиар бага байна.

Цахилгаан, хий, уур, агааржуулалтын үйл ажиллагааны салбарын ажиллагчдын голч цалин 4.0 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр байна.

Дундаж цалинг нийт ажиллагсдын төлсөн НДШ-д суурилан тооцдог.

НДШ төлсөн ажиллагчдын тал нь 2 сая 245 мянган төгрөгөөс бага цалинтай байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 53.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 811.6 мянган ажиллагч хамрагджээ.

НДШ төлсөн ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 4.4 мянга, өмнөх улирлаас нэг мянгаар тус тус өссөн байна. Мөн НДШ төлсөн ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 58 мянгаар, өмнөх улирлаас 24 мянгаар мөн өсжээ.

Exit mobile version