Дэлхий

Трамп “T1” ухаалаг утсаа танилцуулж байна

Нийтэлсэн

“Трампийн байгууллага” 499 ам.долларын үнэтэй “T1” ухаалаг гар утсыг ирэх есдүгээр сард танилцуулах гэж байна. “Trump Mobile” гэх шинэ үйлчилгээ нь сарын 47.45 ам.долларын хураамжтай бөгөөд хязгааргүй яриа, мессеж, дататай. Мөн автомашины түргэн тусламж, эрүүл мэндийн зөвлөгөө зэрэг үйлчилгээг утаснаасаа шууд авах боломжтой.

“T1” ухаалаг утас нь алтлаг метал гадаргуутай, Америкийн далбааны зурагтай. Удахгүй худалдаанд гарах утасны танилцуулгыг харвал дэлгэц дээр нь “Америкийг дахин агуу болгоё” уриаг бичжээ.

“Трампийн байгууллага”-ын нэвтрүүлж буй энэхүү шинэ үйлчилгээний нэр нь “Төлөвлөгөө 47”. Трамп өмнө нь АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч байсан, энэ удаад 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэгэхээр үйлчилгээний нэр болон сарын хураамжаар 45, 47 гэдэг тоонуудыг сонгосон нь учиртай.

Трамп болон түүний бизнесүүд бугуйн цаг, пүүз, библи зэрэг бүтээгдэхүүнийг Трампийн улс төрийн карьерын туршид гаргаж байжээ. Эдгээр бүтээгдэхүүн бүгд лицензийн гэрээгээр гарч байсан. “T1” ухаалаг утас ч адил. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнийг Трамп болон түүний байгууллага гардан бүтээж, борлуулаагүй, зөвхөн төлбөртэйгөөр нэрээ ашиглуулж байгаа гэсэн үг ажээ.

Лицензийн гэрээг олон нийт шүүмжилдэг ч гэлээ Трамп болон түүний гэр бүл хохирол багатайгаар бүтээгдэхүүний багцаа өргөжүүлэхээс татгалздаггүй. Трамп 2024 онд лицензийн гэрээнүүдээсээ найман сая ам.доллар давсан ашиг олжээ.

“Төлөвлөгөө 47”-ийн хувьд бусад ижил төстэй үйлчилгээнээс үнэтэй байгаа аж. Тухайлбал, “Verizon”-ы хязгааргүй яриа, мессеж, дата, хотспоттой үйлчилгээ сарын 25 ам.долларын хураамжтай байдаг. Мөн “Mint Mobile”-ын 12 сарын хязгааргүй үйлчилгээний сарын хураамж 30 ам.доллар байдаг.

“Төлөвлөгөө 47”-ийн дуудлагын төв хаана байрлахыг хараахан мэдээлээгүй байна. Сүлжээний хамрах хүрээний тухайд АНУ даяар үйлчилгээ үзүүлдэг гурван операторынхтой ижил байна.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Exit mobile version