Нийгэм
Хотон шувууны хошуу зарж, худалдахыг завдсан этгээдэд ял оноожээ
Олон нийтийн сүлжээнд Хурдан морь сонирхогчдын групп дээр “Хотон шувууны хошуу зарна” гэх зар байршуулж, нэн ховор амьтан болох борцгор хотон шувууны хошууг бусдад худалдахыг завдсан шүүгдэгч нарт торгох ял оноожээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас иргэн Х, М нарыг “Хурдан морь сонирхогчдын групп” дээр “Хотонгийн хошуу зарна” гэх зарыг байршуулж, нэн ховор амьтан болох Борцгор хотон шувууны хошууг бусдад худалдахыг завдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс Х, М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэн ховор амьтны жагсаалтад хамаарах Борцгор хотон шувууны хошууг 2016 оноос хойш хадгалсан, улмаар урьдчилан үгсэн тохиролцож цахим орчинд зар байршуулах замаар бусдад худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.
Мөн борцгор хотон шувууны толгой, хошуу 11.790.000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хоёр дахин өсгөж тогтооно гэсний дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 23.580.000 төгрөгөөр тогтоож, нэр бүхий шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд олгуулахыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн” бол гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлж, энэхүү шинжээр үйлдэгдсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Мөн Амьтны тухай хуулиар нэн ховор амьтны түүхий эдийг агнасан болон агнаагүйгээс үл шалтгаалан олж авч хадгалах, худалдахыг хориглосон байна.
Борцгор хотон шувуу нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолын 01 дүгээр хавсралтын нэн ховор шувууны жагсаалтад болон Монгол Улсын улаан номын /2016 он/ нэн ховор шувууны жагсаалтад багтсан, тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй нэн ховор амьтанд хамаардаг байна.