Дэлхий
Ираны төрийн телевизийг шууд дамжуулалтын үеэр бөмбөгдөв
Израилийн нисэх онгоцууд Тегеран дахь Ираны төрийн телевизийн төв байрууд руу цохилт өгчээ. “Исламын бүгд найрамдах Иран улс дамжуулж байна” суваг тухайн үед шууд дамжуулалттай байсан боловч дэлбэрэлт сонсогдож, студийн гэрэл гэнэт унтарснаар нэвтрүүлэг тасалдсан байна. Уг цохилтоос болж дор хаяж нэг ажилтан амиа алджээ.
Израилийн арми Ираны дэглэмийн харилцаа холбооны төвийг онилсон гэж мэдэгдэв. Тус барилгыг иргэний дэд бүтэц мэт харагдуулж, цэргийн ажиллагаа явуулж байсныг тагнуулын мэдээллээр илрүүлсэн гэжээ.
Харин Ираны Гадаад хэргийн сайд энэ халдлагыг дайны гэмт хэрэг гэж нэрлэлээ.
Тегеранчууд сүүлийн өдрүүдэд орон гэрээсээ дүрвэх болсон тул хотоос гарах хурдны замууд түгжирсэн байдалтай байна. Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч Даваа гаригийн үдээс хойш баруун Тегераны 3-р дүүргийн оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэхийг зөвлөөд, тухайн бүс дэх цэргийн дэд бүтцийг онилох гэж байгааг мэдэгджээ. Үүнээс хэдэн цагийн дараа Ираны төрийн телевизийн барилга цохилтод өртсөн юм.
Нэвтрүүлэг хэсэг тасалдсаны дараа дахин эхэлсэн бөгөөд телевизийн захирал Пэйман Жебелли мэдэгдэл хийж, “Манай байгууллага болон ажилтнууд эцсээ хүртэл бууж өгөхгүй” гэжээ.
Израилийн арми Ираны пуужин харвах төхөөрөмжүүдийн гуравны нэгийг устгасан гэж мэдэгдээд буй. Түүнчлэн Ираны баруун хэсгийн Керманшах дахь эмнэлгийг онилсон байна. Гэвч тус эмнэлгийн ойролцоох барилгуудыг сумны агуулах болгосноороо иранчууд энгийн иргэдийг хүн бамбай болгож байна гэж Курдын хүний эрхийн бүлгэм мэдэгджээ.
Дашрамд дурдахад, Баасан гаригаас хойш Израилийн агаарын цохилтоор 224 хүн амиа алдаж, 1200 хүн бэртэж гэмтээд байна. Нөгөө талд Ираны цохилтоор 24 хүн нас барж, 592 хүн шархдав.