CGTN мэдээ
Астана 2025: Хятад-Төв Азийн түншлэлийг бэхжүүлж, ирээдүйг гэрэлтүүлсэн уулзалт

Хятад–Төв Азийн хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт 2025 оны 6 дугаар сарын 17-нд Казахстаны нийслэл Астана хотноо болсон бөгөөд уг дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хятад-Төв Азийн үзэл санаа” хэмээх үзэл баримтлалыг онцолж, талууд “Мөнхийн сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулж, “Астанагийн тунхаглал”-ыг баталсан нь талуудын харилцан итгэлцэл, эрх тэгш хамтын ажиллагааг хуульчлан баталгаажуулж, бүс нутгийн дипломат харилцаанд шинэ хуудас нээлээ.
Хятад–Төв Азийн үзэл санаа
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр илтгэл тавих үеэрээ Хятад улсын дарга Ши Жиньпиний хэлсэнчлэн, Хятад улс ба Төв Азийн таван орон болох Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан болон Узбекистан нь харилцан хүндэтгэн, харилцан итгэлцэж, харилцан ашигтай байх, харилцан туслалцсан, өндөр чанартай бүтээн байгуулалтаар хамтын шинэчлэлийг ахиулсан “Хятад–Төв Азийн үзэл санаа”-г хамтдаа бий болгоод байна. Энэхүү үзэл санаа нь зөвхөн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүй, харин улс төрийн харилцан дэмжлэг, иргэд хоорондын ойлголцол, соёлын солилцоо, аюулгүй байдлын хамтын ажиллагааг тэлж, стратегийн түншлэлийн урт хугацааны тогтвортой байдлын бат бөх үндэс суурь болж байна.
“Бүс ба зам” санаачилгын дараагийн шат
БНХАУ-ын санаачлан хэрэгжүүлж буй “Бүс ба Зам” санаачилгын чухал хэсэг болох “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг хамтдаа бий болгох санаачилгыг Ши Жиньпин 2013 онд танилцуулж байсан юм. Эдүгээ Хятад болон Төв Азийн орнууд худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц зэрэг өргөн цар хүрээг хамарсан салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна.
Хятад улс нь тус бүс нутгийн худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр болоод буй юм. 2024 оны байдлаар, Хятад-Төв Азийн худалдаа түүхэн дээд хэмжээнд буюу 94.8 тэрбум ам.долларт хүрсэн бол Хятад улсаас тус бүс нутагт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 30 тэрбум доллар давжээ.
“Бүс ба зам” нь Хятад болон Төв Ази хоорондын өндөр чанартай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмждэг, олон улсад чухал ач холбогдол бүхий санаачилга болохыг тус бүс нутгийн улс орнууд төдийгүй олон улсын шинжээчид хүлээн зөвшөөрч байна.
“Хятад-Төв Азийн үзэл санаа”-ны хүрээнд “Бүс ба Зам”-ын өндөр чанартай хамтын ажиллагааг улам бүр ахиулж, Хятад-Төв Азийн хамтын ирээдүй бүхий нийгэмлэгийг цогцлоох зорилтыг урагшлуулахын тулд Хятад-Төв Азийн ядуурлыг бууруулах хамтын ажиллагааны төв, Хятад-Төв Азийн боловсролын солилцоо хамтын ажиллагааны төв болон Хятад-Төв Азийн цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төв гэсэн хамтын ажиллагааны гурван шинэ төв, худалдааг хөнгөвчлөх нэг платформыг байгуулахаар шийдсэн байна.
Хятад болон Төв Азийн таван улсын удирдагчид Төв Азид анх удаа нэг дор чуулсан энэхүү түүхэн дээд хэмжээний уулзалт нь талуудын практик хамтын ажиллагааг ахиулаад зогсохгүй улс төрийн тогтолцоо, эдийн засгийн хэмжээ, нөөц баялаг, нийгмийн соёл зэрэг нь харилцан адилгүй улс орнууд хэрхэн харилцан эрх тэгш бөгөөд харилцан ашигтай хамтран ажиллаж болдгийн тод жишээ боллоо.
Астанагийн тунхаглал
Астана хотноо болсон Хятад-Төв Азийн хоёр дахь дээд хэмжээний уулзалт бол бүс нутгийн хамтын ажиллагааны цоо шинэ үе шатыг нээсэн түүхэн мөч байлаа.
Хятад болон Төв Азийн таван орон “Астанагийн тунхаглал”-ыг баталснаар хөдөө аж ахуй, эрчим хүч, дижитал дэвшил, байгаль орчны менежмент, аюулгүй байдлын салбарт илүү гүнзгий, бодит үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлэхээр болж байна.
Энэхүү дээд хэмжээний уулзалтын гол онцлог нь бүс нутгийн хэмжээнээс давж, зөвхөн эдийн засаг, дэд бүтцийн төслүүдээр хязгаарлагдахгүй, харин олон улсын дэг журмыг илүү шударга, олон төвт байдлаар төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулахуйц санал санаачилга, шийдлүүдийг гаргаснаараа онцлог байлаа. Талууд НҮБ-ын дүрмийн үзэл санаанд үнэнч байх, бие биеийнхээ тусгаар тогтнол, тэгш эрх, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх амлалтаа Астанагийн тунхаглалаар дахин нотолсон юм.
Түүнчлэн, бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, терроризм, салан тусгаарлах үзэл болон хэт даврах үзэлтэй тэмцэх, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон нь дэлхий нийтэд амин чухал асуудлыг хөндөж, тогтвортой хөгжлийн баталгаа болж байна.
Энэхүү тунхаглалд тусгасан Хятад-Төв Азийн хамтын ажиллагаа нь “зөвхөн хөрш бус, хувь заяаны хамтын нэгдэл” гэсэн стратегийн үзэл санаанд тулгуурлаж, бүс нутгийн хөгжлийн шинэ загварыг бүрэлдүүлж буй юм.
Ийнхүү талууд стратегийн хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлж, бусад бүс нутагт ч үлгэр жишээ болж, хамтдаа урагшилж, харилцан ашигтайгаар түншилж байна.
Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтыг талууд Хятад улсад болон Төв Азийн улс орнуудад хоёр жил тутамд ээлжлэн зохион байгуулахаар тохиролцсон байдаг билээ. Энэхүү тохиролцооны дагуу Хятад-Төв Азийн гурав дахь дээд хэмжээний уулзалт 2027 онд Хятад улсад болно. 2027 он гэхэд Хятад-Төв Азийн хамтын ажиллагаа нь бодит бүтээн байгуулалт, харилцан итгэлцэл, гүн гүнзгий түншлэлд суурилсан илүү шинэ жишигт хүрч, хамтдаа илүү цэцэглэн хөгжсөн байх нь эргэлзээгүй.
Г.Солонго
