Дэлхий
Си Жиньпиний Японд хийх айлчлалыг хойшлуулж магадгүй
Коронавирусний халдварын тархалттай холбоотойгоор БНХАУ-д үүсээд буй хүнд нөхцөл байдлын улмаас тус улсын дарга Си Жиньпиний Японд хийх төрийн айлчлалыг хойшлуулж магадгүй байна. Энэ тухай “Kyodo” агентлаг дипломат эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын эхээр товлосон байсан айлчлалын бэлтгэл ажил ерөнхийдөө зогссон байна. Тухайлбал, Бээжин хотод хоёр орны төлөөлөгчдийн дэд сайд нарын түвшний маш чухал уулзалтад болоогүй байна. Уг уулзалтаар хэлэлцээний эдийн засгийн хэсгийг боловсруулах ёстой байжээ. Ийм төрлийн бусад уулзалтыг өмнө нь мөн хийгээгүй байна.
Үүний зэрэгцээ эх сурвалжуудын онцлон тэмдэглэснээр, Си Жиньпиний айлчлалыг хойшлуулах шийдвэрийг хараахан гаргаагүй байгаа бөгөөд коронавирустэй холбоотой нөхцөл байдал, Японы олон нийтийн сэтгэл санааны байдлыг харгалзан энэ асуудлыг хэлэлцэх аж. Японы эрх баригч Либерал Ардчилсан намын зарим гишүүн БНХАУ-ын даргын айлчлалыг нээлттэй эсэргүүцжээ. Хятадын эрх баригчид Зүүн Хятадын тэнгис дэх Токиогийн хяналтад байдаг арлуудын харьяаллын асуудал зэрэг хоёр талын маш олон асуудлаарх байр сууриа зөөлрүүлээгүй гэж эрх баригч намынхан мэдэгдсэн байна.
Си Жиньпиний айлчлалтай холбоотой асуудлыг Японы эрх баригчид энэ сарын сүүлчээр буюу Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны хэрэг эрхлэх комиссын дарга Ян Зечиг Японд айлчлах үеэр эцэслэн хэлэлцэх төлөвтэй байна.