Дэлхий
Гурван сэтгүүлчийн нутаг буцаах шийдвэрийг зэмлэн буруушаажээ
Америкийн “The Wall Street Journal” сонины 3 сэтгүүлчийг нутаг буцахыг үүрэг болгосон БНХАУ-ын эрх баригчдын үйлдлийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео зэмлэн буруушаажээ.
“Чөлөөт хэвлэл бодит байдлын тухай мэдээлж, үзэл бодлоо илэрхийлдэг гэдгийг хариуцлагатай, хөгжилтэй орнууд ойлгодог. Үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах бус сөрсөн баримт нотолгоо үзүүлэх нь энэ бүхний зөв шийдэл юм” хэмээн Майкл Помпео мэдэгджээ.
БНХАУ-ын оршин суугчид Америкчуудын адилаар үнэн зөв найдвартай мэдээлэл авч, үг хэлэх эрх чөлөөнд хүрнэ гэж найдаж байгаагаа тэрбээр мөн илэрхийлсэн байна.
“Хятад бол Азийн жинхэнэ өвчин” хэмээх гарчигтай сонины нийтлэл гарсантай холбогдуулан БНХАУ-ын Засгийн газар өмнө нь Бээжин хот дахь “The Wall Street Journal” сонины 3 сурвалжлагчийн томилгоог цуцлах шийдвэр гаргасан байна. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуаны мэдэгдсэнээр, БНХАУ арьс өнгөөр ялгаварлах үзэл шингэсэн, Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэр хүндийг зориуд унагааж буй нийтлэлийг сайшаахгүй байна гэжээ. Сэтгүүлчдийг таван өдрийн дотор нутаг буцахыг үүрэг болгосон байна.