Эрүүл мэнд

Өчигдөр коронавирусийн сэжигтэй тохиолдол хоёр илэрч ХӨСҮТ-д нэг, Завханд дахин нэг хүн тусгаарлагджээ

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх ээлжит хурлаа хийв. Энэ үеэр ойрын хугацаанд Монголд илэрсэн сэжигтэй тохиолдлуудын талаар мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Замын-Үүдэд 103 хүн ажиглалтад, нэг хүнийг тусгаарласан хэвээр байгаа. Гашуунсухайтад 12 хүн тусгаарлагдсан, 15 хүн ажиглалтад байна. Бүгдийнх нь биеийн байдал хэвийн байгаа.

  • Өчигдөр буюу хоёрдугаар сарын 19-нд Завхан аймагт нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Тухайн сэжигтэй тохиолдол нь хоёрдугаар сарын 6-нд Гашуунсухайт боомтоор БНХАУ руу гарч, 12-нд эргэж ирсэн. 13-ндаа Завхан аймагт очсон бөгөөд өчигдөр аймгаас мэдээлснээр халуурсан, хатгаатай байгаа тул тусгаарлан шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү ирүүлж байгаа. Автобусанд хамт зорчиж явсан 30 гаруй хүнийг ажиглалтад авч, биеэ хянах талаар зөвлөмж өгсөн.
  • ХӨСҮТ-д өчигдөр нэ тохиолдол тусгаарлагдаад байна. Тяньжинд сурдаг оюутан бөгөөд хоёрдугаар сарын 13-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирж, 19-нд эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрсэн тул ХӨСҮТ-д хандсан” гэлээ.

Замын-Үүдэд ажиглалтад буй хүмүүсийн биеийн байдал болон ямар арга хэмжээ авч буй талаар асуусан сэтгүүлчийн асуултад хариуллаа.

-Замын-Үүдэд байгаа 103 хүнийг хэрхэн хянаж байгаа вэ?

-103 хүнийг гурван зочид буудлыг суллан байрлуулсан. Өглөө, оройд COVID-19 халдварын эмнэл зүйн шинж тэмдгүүдийг хуудас өгсөн. Хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа.

-Олон хоногоор тусгаарлах нь хүний эрх зөрчсөнд тооцогдох уу?

-Үгүй. Нэгдүгээрт, өвчтэй буюу сэжигтэй тохиолдлуудыг хүний эрх зөрчих хэмжээнд байлгахгүй.

Хоёрдугаарт, халдварт өвчнийг олон нийтэд тараахгүйн тулд, Монгол Улсад амьдарч буй бүх хүний эрх ашгийн өмнөөс голомтын бүс нутагт зорчоод ирсэн тэдгээр хүнийг 14 хоног тусгаарлалтад авч байгаа. Энэ бүгд дүрэм журмын дагуу явж байна. Хэрэв 14 хоногийн дараа ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, хэвийн байвал ажиглалтаас гаргах юм.

-Маск тарааж өгч байгаа юу?

-Маск болон гар ариутгагчаар хангаж байгаа.

Мөн ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг хилээ хааж байгаатай холбоотойгоор монгол иргэдээ эргэн ирэхэд хоёрдугаар сарын 7-ныг хүртэл хугацаа өгсөн. Гэтэл энэ хугацаанд ирээгүй.

Голомтоос ирсэн хүмүүсийг хүн ам шигүү суурьшсан нийслэл хотоос зайтай газарт нууц үе нь дуустал хяналтад байлгаж, эрүүл гэсэн цагт нь оруулах дэглэм барьж байна.

Энэ бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, олон улсын конвенц, манай улсад мөрдөгдөж буй Ариун цэвэр, эрүүл ахуйн тухай хууль, Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр гэх мэтчилэн хууль, эрх зүйн актуудад бүрэн нийцсэн арга хэмжээг авч байгаа” гэлээ.

Exit mobile version