Эдийн засаг

Нүүрсний олборлолтоо зогсоолгүй, нөөц бэлдүүлэх шаардлагатай

Нийтэлсэн

  • Монгол Улс нэг компани шиг нэгдмэл байж, Хятадтай худалдааны хэлэлцээр хийж, компаниудаа санхүүгийн бодлогоор дэмжих цаг ирлээ
  • Нүүрс олборлогч компаниудаа дампууруулахгүйн тулд богино хугацааны эрчимтэй бодлого явуулах нь зөв

Нүүрс экспортолдог дотоодын компаниудын өмнө томоохон сорилт тулгараад байна. Тэдний нэг Big Mogul Fund компанийн ТУЗ-ийн дарга Б.Батмөнхтэй ярилцлаа. Тэрбээр уул уурхайн салбараас хараат улсын хувьд Засгийн газрын зүгээс худалдааны бодлого явуулж, хувийн хэвшлээ дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхийг чухалчиллаа. Мөн хил хаасан хугацаанд олборлолтоо зогсоолгүй нөөц бүрдүүлэх хэрэгтэйг онцлов. 

-Танай компани Замын-Үүд дэх хилийн боомтоор нүүрсээ экпортолдог. Хятадын татан авалт, манай нийлүүлэлтэд ямар өөрчлөлт гарсан бэ? 
-Одоогоор бараа түүхий эдийн хөдөлгөөнд ганцхан Замын-Үүд, Эрээний боомт нээлттэй байна. Гэхдээ иргэдийн хөдөлгөөнийг хаасан нь өнөө биш юм гэхэд маргааш ч экспортод нөлөөлөх шинжтэй байна. Бид энэ жил 300-аад мянган тонн нүүрс баяжуулаад экспортлох төлөвлөгөөтэй байсан ч Хятадын эдийн засгийн агшилтаас шалтгаалж хаашаа ч эргэж магадгүй нөхцөл байдалтай болоод байна.

-COVID-19-ийг намжихаар зогсонги байсан үйлдвэрлэлийг нөхөхийн тулд их хэмжээний импорт авна гэж зарим судлаач үзэж байна. Танай компани үүнийг яаж тооцож байгаа вэ?
-Хятадын эдийн засагт эрэлт нийлүүлэлт нь зэрэг агшсан ийм тохиолдол хэзээ ч гарч байгаагүй. Өнөөдөр БНХАУ дэлхийн хамгийн том экспортлогч, хоёр дахь импортлогч орон. Арваад жилийн өмнө гарч байсан SARS-ийн тохиолдлоор эдийн засгийн нөхцөлийг тооцоод байх шиг байна. Гэтэл тэр үед Хятадын эдийн засаг одоогийнхтой харьцууулахад хамаагүй бага байсан тул дэлхийд нөлөөлөх нь бага байв. Харин өнөөдөр маш олон улстай нягт хамтын ажиллагаатай том эдийн засаг болсон тул тийм амархан сэргэхэд хүнд. Түүнчлэн Хятадын ажиллах хүчний томоохон нүүдэл хойд болон баруун зүгээс урагшаа Уханиар дайрч гардаг. Энэ олон сая хүний нүүдлийг зогсоосон нь эргийн дагуух аж үйлдвэржсэн бүсийг хурдан хугацаанд сэргээх боломжгүй болгож байна.

-Тэгвэл харьцангуй ойрхон байдаг гангийн үйлдвэр, эрчим хүчний станцууд халдвар намжих үед хэр хурдан хугацаанд хэвийн үйл ажиллагаатай болох боломжтой вэ? 
-Манайх бол эрчим хүчний нүүрс экспортлогч компани. Гэхдээ Хятадын хувьд жин дарах хэмжээний том биш л дээ. Эрчим хүчгүй оршин тогтнох боломжгүй учраас энэ төрлийн экспорт богино хугацаанд сэргэнэ. Хятад улс бүсчилсэн зохион байгуулалтад шилжиж, төвлөрсөн мужаасаа нийлүүлэлт, ажиллах хүчний хөдөлгөөн, үйлдвэрлэлийн зохион байгуулалтаа хийх төлөвтэй байна.

-Хорио тавигдсаны дараа хэвийн үйл ажиллагаанд ороход түүхий эдийн ханшид яаж нөлөөлөх вэ?
Мэдээж түүхий эдийн ханшид эергээр нөлөөлж, өсөлт бий болгодог. Тэгэхээр бид тодорхой хэмжээний нөөц бэлдэх шаардлагатай.

-Авто замаар тээвэрлэдэг дөрвөн боомтыг хаасан. Энэ нь хэдий хэмжээний нүүрсний экспортын орлогыг тасалдуулж байна вэ? 
-Бүтэн улирлын экспорт алдагдаж байгаа энэ үед Засгийн газрын зохион байгуулалттай сайн бодлого хэрэгтэй. Экспортыг дэмжих нэг хаалганы бодлого одоо л энд харагдах ёстой. Хятад улс хэзээ нэг өдөр нүүрс авах нь тодорхой тул олборлолт явуулж байгаа компаниудыг зогсоож болохгүй. Нэг хаалганы бодлогоор нөөц бэлдүүлэх хэрэгтэй. Энэ олон ажиллах хүч, техникийг сул зогсоолгүй, төрийн зүгээс тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал байна. Монгол Улс нэг компани шиг нэгдмэл байж, Хятадтай худалдааны хэлэлцээр хийж, хувийн компаниудаа санхүүгийн бодлогоор дэмжих цаг ирлээ.

-Хятад худалдан авалтаа эхлүүлэхэд бэлэн байх шаардлагатай болж байна. Үүнд компаниуд хэр бэлтгэлтэй байна вэ?
-Бид хувийн компаниудыг зааж зааварлаад байх боломжгүй шүү дээ. Тэгэхээр уул уурхайн салбараас хараат улсын хувьд одоо л нэгтгэж зангидах төрийн бодлого хэрэгтэй. Дампууруулахгүйн тулд богино хугацааны эрчимтэй бодлого явуулах нь зөв. Хөгжлийн банкны хэрэг энд гарч ирнэ.

-Танай компани өнгөрсөн жил Дундговь аймгийн Хөөтийн уурхайд нэг сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр байгуулсан. Баяжуулж гаргах нь нүүрсний үнэ ханш, борлуулалтын орлогод яаж нөлөөлөхөөр тооцоолсон бэ? 
-Бид энэ оны дөрөвдүгээр улирлаас нүүрсээ баяжуулж гаргана гэсэн төлөвлөгөөтэй байсан. Жилдээ нэг сая, үүнээс 700 мянган тонн нүүрсийг баяжуулах хүчин чадалтай үйлдвэр байгуулж туршилтаа дуусгасан. Хагас туршилтын явцад орж байтал ийм нөхцөл үүсэж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогслоо. Гэхдээ бид олборлолтоо явуулна. Үйлдвэр байгуулахад зарцуулсан 15 тэрбум төгрөгөө 3-5 жилийн хугацаанд нөхнө гэсэн төлөвлөгөөтэй байна.

Exit mobile version