Дэлхий
Өмнөд Солонгост коронавирусийн халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ
Өчигдөр Өмнөд Солонгос улсад шинэ коронавирусийн халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ.
Энэ нь Хятадын эх газрын гадна хүн нас барсан ес дэх тохиолдол юм. Нас барсан өвчтөн нь 63 настай эрэгтэй байжээ. Тэрээр эхлээд шизофрени өвчний оноштой эмнэлэгт хэвтсэн юм байна. Нас барсных нь дараа Covid-19 вирусийн халдвар авсан байсныг нь тогтоожээ.
Үүнээс гадна өчигдөр Өмнөд Солонгост халдварын 22 тохиолдол шинээр илэрч, нийт халдвар авсан хүмүүсийн тоог 104 хүргэсэн байна.
Шинэ халдварын тохиолдлын 21 нь Дэгү хотоос илэрчээ. Сүмийн цуглаанаас олон хүнд халдвар тарсны улмаас аюулт вирусийн голомт болоод байгаа Дэгү хотын дарга оршин суугчдадаа аль болох гэрээсээ гарахгүй байхыг уриалсан байна.
Өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хотын дарга Квон Юн Жин төв засгийн газраас тусламж үзүүлэх шаардлагатай байгааг мэдэгджээ.
Өчигдөр орой Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин хотын даргатай утсаар ярихдаа засгийн газраас бололцоотой бүх тусламжийг үзүүлэхээ амласан байна.
Дэгү нь Өмнөд Солонгосын зүүн өмнөд бүсэд, Сөүл хотоос 300 км зайтай оршдог, 2.5 сая оршин суугчтай хот юм.
Эх сурвалж: Associated Press