Нийгэм

НАМЭХ-ноос “Цахимаар золгоё” уриалгыг гаргаж байна

Нийтэлсэн

Дэлхий нийтийг түгшээж буй Шинэ корона вирусын халдвар хэзээ намжих нь тодорхойгүй байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос.А.Г: “Улс орон бүр КОРОНА вирусыг цар тахлын хэмжээнд хүргэхгүйн төлөө одоо бололцоотой бүхнээ хийхгүй бол маргааш оройтно” гэдгийг ч анхааруулсан.

 

Тиймээс Монгол Ардын намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос сар шинийн баярын өдрүүдэд COVID 19 /Шинэ коронавирус/-ийн халдвараас урьдчилан сэргийлж доорх уриалгыг уриалгыг гаргаж байна.

Үүнд:
1. Цагаан сараар айлд очихгүй, зочин урихгүй байж гэр бүлээ хамгаалъя.
2. Цагаан сараар “ЦАХИМААР ЗОЛГОЁ” зэрэг уриалгыг гаргаж байгаа юм.

 

Төр засаг, улсын онцгой байдлын комисс, эрүүл мэндийн яамнаас ард иргэдээ аюулт өвчнөөс хамгаалахын төлөө чадах чинээгээрээ ажиллаж байна. Харин энэ үед иргэн бүрийн үүрэг хариуцлага, ухамсар хамгийн чухал бөгөөд гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэн дагаж мөрдөж байж бид элдэв эрсдэлийн ард гарна.

 

Монгол хүн бүрээ халдвараас хамгаалахад иргэд, олон нийтийн оролцоо тун чухал. Төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, компаниуд өөрийн ажилчид, тэдний ар гэрийг, СӨХ оршин суугчдаа, нийгмийн ажилтан баг, хороо,хэсгийн дарга нар харъяа иргэдтэйгээ тулж санаачлагатай ажиллах шаардлагатайг ч Эрүүл мэндийн сайд, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Сарангэрэл өөрийн цахим хуудас болон албан ёсны сайтуудаар сануулж бас уриалсаар байгаа. Тэрээр “Улс төрийн намууд, 7 мянга гаруй төрийн бус байгууллага, ахмад, эмэгтэйчүүд, залуучуудын, сурагчдын холбоо-Та нар маань одоо л хөдөлдөг цаг шүү.

 

Зохион байгуулалтад орж амны хаалт оёж аптекуудад нийлүүлж үгүйдээ ойр тойрныхноо, гишүүдээ хангацгаая. Орц гарцаа өдөр бүр цэвэрлэж хүн бүрт байнга гараа угаахыг сануулж, ээж аавууд үр хүүхэд, хөгшид хөвөөддөө халуун хоол унд хийж өгч, байгууллагууд ч ажилчдынхаа хоол ундны чанарыг улам сайжруулъя. Бие биендээ шаардлага тавья.

 

Халдвар гарсан орнуудад мэдсээр байж зорчихгүй байя. Бидний орхигдуулсан дутуу хөтүүг та бүхэн маань нэмээрэй. Ингэж л эрвийх дэрвийхээрээ хөдөлж байж хүн төрөлхтнийг донсолгоод байгаа вирусын давалгаанаас цохилт багатай гарахаас бус цагаан сарын маргааныг үргэлжлүүлэн өрнүүлэх нь оновчтой шийдэл огт бус санагдана” гэдгийг онцолсон юм. Хэнэггүйн улмаас халдварт өртвөл халаглахад ч оройтсон байхыг харуулсан бодит жишээ бидний өмнө байсаар байгаа энэ цаг үед эмэгтэйчүүд ийнхүү дуу нэгтэйгээр “Хайртай хүмүүсээ хамтдаа хамгаалцгаая”, “Цахимаар золгоё” хэмээн уриалж байна.

Exit mobile version