Дэлхий
Хүүхдүүдэд адлагдаж, дээрэлхүүүлдэг одой хүүд сайн санаатнууд $300,000-ыг цуглуулжээ
Өнгөрсөн Мягмар гарагт Австралийн иргэн эмэгтэй Яррака Бэйлес найман настай одой хүүгийнхээ сэтгэл өвтгөм дүрс бичлэгийг хүмүүст үзүүлсэн юм.
Хүүгийн гэр бүл Австралийн уугуул абориген хүмүүс бөгөөд Күинслэнд мужид амьдардаг юм байна. Уг бичлэгт өдөр бүр сургуулиасаа ирэхдээ хүүхдүүдэд дээрэлхүүлж, доромжлуулсан байдаг хүүгийнхээ уйлж буй дүрсийг харуулжээ.
Зовлонт хүү үхэхийг хүсэж байгаагаа хэлсэн нь бичигдсэн байв.
Яррака Бэйлес “Өдөр бүр би хүүгээ сургуулиас нь авахдаа зодуулж дээрэлхүүлсэн байхыг хардаг. Эцэг эхчүүд, багш нар, сургуулийн захиргаанд энэ бүхэн ямар хэцүү байдгийг би харуулахаар шийдлээ. Та бүхэн өөрсдийн хүүхдүүдийг, гэр бүлийг, найз нөхдийг хүмүүжүүлж өгөөч!” гэж гуйжээ.
Энэхүү дүрс бичлэг удалгүй интернэт орчинд хүчтэй тархаж, олон хүмүүсийн анхаарлын төвд орсон юм.
Бичлэгийг үзсэн АНУ-ын комеди жүжигчин Брэд Уилльямс GoFundMe сайтад Куаден Бэйлес хүүд Диснейлэндийг үзүүлэх зорилгоор хандивын аян нээсэн байна.
Хандивын анхны зорилт нь $10,000 цуглуулах байсан бол одоо энэ зорилгоосоо 30 дахин нэмэгдэж, $300,000 цугларчээ.
Австралийн Рэгбигийн Уугуул Бүх оддын үндэсний баг Бямба гарагт Маори Бүх оддын багийн эсрэг хийх тоглолтдоо Куаден хүүг урьж, тэмцээнийг нээлгэхээр болсон байна.
Холливүүдийн од Хью Жэкмэн, мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин Энес Кантер зэрэг алдартнууд хүүд сэтгэлийн дэм өгцгөөжээ.
Хью Жэкмэн видео мэдэгдэлдээ Куаден хүүд “сэтгэлийн хүчтэй” байхыг зөвлөж, бусад бүх хүмүүст хүнлэг байхыг уриалсан юм.
Куаден Бэйлес хүүгийн дүрс бичлэг АНУ, Их Британи даяар одой хүмүүсийн эрхийг хамгаалах, тэднийг ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэлд олон хүний анхаарлыг хандуулаад байна.
Эх сурвалж: BBC