Эрүүл мэнд
Өмнөговь, Дорноговь аймагт коронавирусийн халдвар орж ирэх МАШ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ судалгаа гарсан
Коронавирусийн тархалтаас сэргийлэх зорилгоор хийгдэж буй ажлуудын талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монголын төр засгаас гаргаж байгаа шийдвэрийг хүндэтгэж, зөвлөмжийг биелүүлж буй иргэддээ талархаж буйгаа илэрхийлье.
Улсын комиссоос 3 дугаар сарын 2-ныг хүртэл БНСУ-ын нислэгийг зогсоосон байгаа. Иргэдийн санал хүсэлт их байсан.
Солонгост байгаа иргэд халдвар авч эх орнодоо очихгүй байх гэсэн уриалга их байсан.
БНСУ-ын Ерөнхийлөгч мэдэгдэл хийхдээ яс үндэс харгалзахгүйгээр коронавирус илэрвэл солонгосын тал бүрэн хариуцан эмчилгээ хийнэ гэж мэдэгдсэн байгаа.
Үүнээс гадна аймгийн Засаг дарга нар шийдвэр гаргасан. Голомтоос ирж байгаа, иргэдийг тусгаарлалтад авах өрөө, тасалгааг бэлдэх чиглэл өгсөн байгаа.
2 дугаар сарын 23-ны байдлаар түргэн тусламжид 885 хүн дуудлага өгсөн
2 дугаар сарын 24-нд түргэн тусламжид 893 хүн дуудлага өгсөн байна. 141 нь ослын, 44 нь архины хордлогын 94 нь хүүхдийн томуу, 44 нь төрөхтэй холбоотой дуудлага байсан. Аливаа халдварт өвчний дуудлага өгөгдөөгүй.
Бүх аймгууд эрсдлийн үнэлгээ хийсэн. Өмнөговь, Дорноговь аймаг маш өндөр эрсдэлтэй гэж гарсан. Бусад аймгууд эрсдэл өндөр байна гэсэн судалгаа гарсан байгаа. Өөрөөр хэлбэл, тус аймгуудад коронавирусийн халдвар орж ирэх эрсдэл маш өндөр, өндөр байна гэсэн үг. Ингээд эмнэлгүүд бэлтгэл ажлаа хийгээд явж байна.
БНСУ, Японд өвчлөл нэлээд их нэмэгдэж байна. Тэнд ажиллаж, амьдарч байгаа иргэддээ зөвлөмж, мэдээлэл өгч байна” гэлээ.