Нийгэм
Ухарч байхдаа таван настай хүүхдийг мөргөжээ
Сар шинийн өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 527 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 323 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас орон нутагт зургаа, нийслэлд хоёр хүн амиа алдаж, долоон хүн бэртэж гэмтжээ.
Ноцтой осол хэргээс дурдвал энэ сарын 23-ны өдөр Дорнод аймагт MMC-L200 маркийн автомашины жолооч Э нь ухарч байхдаа хоёр настай охин Н-ийн амь насыг хохироожээ. Үүнээс гадна энэ сарын 25-ны 20:00 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул суманд KIA-Fronteir маркийн автомашины жолооч З нь ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч эрэгтэй 5 настай, М-ийн амь нас хохироосон ослууд бүртгэгдсэн байна.
Мөн сар шинийн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан таван зөрчил бүртгэгдсэн аж. Өнгөрсөн жилтэй харьцуулахад баярын өдрүүдэд нийт дуудлага мэдээлэл 72.3 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол, хэрэг 33.9 хувиар, хүний амь нас хохирсон осол, хэрэг 38.4 хувиар, гэмтсэн хүн 92.1 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.