Дэлхий
Амьтдын эрхийг хамгаалдаг PETA коронавирусийн талаар тайлбар хийжээ
COVID-19 буюу шинэ төрлийн коронавирусийн өвчлөлийн талаар PETA байгууллага нэгэн сонирхолтой мэдэгдлийг хийжээ.
“PETA, хүмүүсийг цагаан хоолтон болгох гэж хүчлэхээ боль” гэжээ
Coronavirus болон Carnivorous гэх хоёр үгийг зэрэгцүүлэн ижил үсгүүдийг холбосон байдлаар постер бэлтгэн өөрсдийн сошиал хуудсанд байршуулжээ. Carnivorous хэмээх үгийг орчуулбал махан идэштэн гэсэн үг юм. Тэдний энэхүү үйлдлийг дарин дээр давс нэмлээ хэмээн зарим нь буруушааж байна.
Тэд мөн тайлбартаа “Carnivorous (махан идэштэн) бол Coronavirus (коронавирус)-ийн анаграм юм. Энэ тохиолдол уу? Бид ҮГҮЙ гэж бодож байна” хэмээжээ. Түүнээс гадна өөрсдийн мэдэгдлээ шинжлэх ухааны үүднээс тайлбарлахдаа “Судлаачид энэхүү үхлийн вирус амьд болон үхсэн амьтны биед хүрснээс үүдэлтэй хэмээн урьдчилан таамагласан” гэжээ.
Харин тус байгууллагын энэхүү мэдэгдэл цөөнгүй хүмүүсийн эгдүүцлийг хүргэжээ.
“Би уг нь PETA-г дэмждэг байсан. Гэхдээ энэ бол алдаатай бөгөөд тэнэг зүйл байлаа”, “PETA, хүмүүсийг цагаан хоолтон болгох гэж хүчлэхээ боль”, “Эрдэмтэд таамагласан гэнэ үү, харин ч итгэл үнэмшилтэй байсан цагтаа мэдэгдэл хийх байж дээ” хэмээн хүмүүс дургүйцлээ илэрхийлэн бичицгээжээ.
PETA бол People for the Ethical Treatment of Animals гэсэн үгийн товчлол бөгөөд Амьтдад ёс зүйтэй ханддаг хүмүүсийн нэгдэл юм. Тэд амьтдын эрхийг хамгаалах олон төсөл хөтөлбөрийг дэлхий дахинд хэрэгжүүлдэг бөгөөд саяхан “I’d Rather Go Naked Than Wear Fur” (Үслэг эдлэл өмссөнөөс нүцгэн явсан нь дээр) нэртэй байгалийн гаралтай үслэг эдлэлийн үйлдвэрлэл, хэрэглээ, худалдааг эсэргүүцсэн алдарт аянаа өндөрлөсөн юм. Учир нь алдартай загвар зохион бүтээгчид болон хувцас загварын брэндүүд, алдартнууд үслэг эдлэл хэрэглэхгүй болохоо мэдэгдсэн юм.