Дэлхий
ДЭМБ: Коронавирусын халдварын эрсдэлийн түвшинг ахиулах шийдвэр гаргажээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ “COVID-19” коронавирусний халдварын дэлхий дахины эрсдэлийн түвшнийг “маш өндөр” болгон ахиулах шийдвэрийг гаргажээ. Энэ нь дөрвөн шатлалт түвшний хамгийн өндөр үнэлгээ юм.
Гэсэн хэдий ч халдварын тархалтыг хязгаарлах боломжтой хэвээр байгааг ДЭМБ онцолсон байна. Мөн ДЭМБ-ын тэргүүн халдварын талаарх буруу ташаа мэдээлэл нь цаашид тулгарах томоохон сорилтуудын нэг болох төлөвтэй байгааг цохон тэмдэглэжээ.
Одоогийн байдлаар коронавирусний халдвар дэлхийн 50 гаруй оронд бүртгэгдэж, 80 мянга гаруй хүн халдвар авч, 2800 орчим хүн нас баржээ. Сүүлийн мэдээллээр Исланд, Нигери, Мексик, Шинэ Зеланд, Беларусь, Нидерланд зэрэг оронд халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн Ираны эрүүл мэндийн салбарын эх сурвалжууд “BBC” сувагт пүрэв гарагийн орой мэдээлэхдээ, халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоо 210 хүрсэн гэжээ. Энэ нь Ираны Засгийн газрын мэдээллээс 6 дахин өндөр үзүүлэлт бөгөөд ДЭМБ мэргэжилтнүүдээ тус улс руу илгээхээр төлөвлөж байгаа аж.
эх сурвалж: Монцамэ