Энтертайнмент
Хаврын башёг анх удаа үзэгчгүй зохион байгуулахаар боллоо
Шинэ коронавирусийн халдвараас шалтгаалан ирэх амралтын өдрүүдэд нээлтээ хийх Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башёг анх удаа үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсноо Японы сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү мэдэгдлээ.
Осака хотод болсон Японы сүмогийн холбооны удирдах зөвлөлийн хурлаар дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд уг тэмцээний тасалбар бүрэн зарагдаад байжээ.
Нийт 7000 гаруй үзэгч тус тэмцээнийг үзэхээр тасалбар авсан бөгөөд Японы сүмо бөхийн холбооноос “Бид халдварын тархалтыг зогсоохын тулд ийм шийдвэр гаргасан тул та бүхнийг ойлгохыг хүсэж байна” гэжээ.
Гуравдугаар сарын 2-ны 07:00 цагийн байдлаар тус улсад халдварын 256 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас бараад байгаа юм. Харин тус улсын нутаг дэвсгэрт байрлаж буй Диамонд Принцес хөлөг онгоцон дээр бүртгэгдсэн тохиолдол 705-д хүрчээ.
Халдварын улмаас Япон улсад ариун цэврийн цаас болон гарын шингэн савангийн хомсдол үүсээд байгаа талаар нийгмийн сүлжээнд мэдээлэл тараад байгаа юм.