Дэлхий

COVID-19 вирусийн халдвар дэлхийн 60 гаруй оронд тарлаа

Нийтэлсэн

Өнгөрсөн амралтын өдрүүдэд шинэ коронавирусийн халдвар эрчимжиж, дэлхийн нийт 60 гаруй оронд тарлаа.

Ням гарагт Австрали, Тайланд улсуудад коронавирусийн халдвартай анхны өвчтөнүүд нь нас барсан бол Доминиканы Бүгд Найрамдах Улс, Чех Улсад анхны халдварын тохиолдлууд бүртгэгджээ.

Италид сүүлийн 24 цагийн дотор халдвартай хүний тоо 50 хувиар нэмэгдэж, 1,694 хүрснээс гадна таван өвчтөн нэмж нас барснаар эндэгдлийн тоо 34 хүрсэн байна.

Италийн хөрш Франц улсад Ням гарагт шинэ халдварын тохиолдол өмнөх өдрөөсөө 30-аар нэмэгдэж, 130 хүрсэн бол хоёр өвчтөн нас баржээ.

Парис хотын Луврын музей Ням гарагаас эхлэн хаалгаа барьж, уулзаж мэндчилэхдээ хацраа үнсэлцдэг уламжлалаа зогсоохыг Францын эрх баригчид өөрийн иргэдэд зөвлөсөн байна.

Бямба гарагт эхний өвчтөн нь нас барсан АНУ-ын эрх баригчид Италийн умард мужууд руу зорчихгүй байхыг иргэдэдээ анхааруулж, Америкийн гол авиа компаниуд энэ чиглэлийн нислэгүүдээ зогсоож эхэлжээ.

Эдийн засгийн 13 хувь нь аялал жуулчлалаас бүрддэг Итали улсад энэ нь том цохилт болж байна. Жил бүрийн дөрөвдүгээр сард Улаан өндөгний баяраар Америкчууд олноор Итали, Францыг зорьдог юм.

Италид жил бүр ирдэг гадаадын жуулчдын 9 хувь буюу 5.6 сая орчмыг Америкчууд бүрдүүлдэг байна.

Луврын музейг өнгөрсөн онд нийт 9.6 сая хүн үзсэний дөрөвний гурав нь гадаадын жуулчид байжээ.

Сүүлийн хэдэн өдрийн турш шинэ халдварын тоо буурч байсан Хятадад өчигдөр 573 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн таван өдрийн хугацаанд анх удаа 500-гаас дээш гарсан тохиолдол байлаа.

Эдгээр тохиолдлууд бараг бүгд Хубэй муж, түүний төв Ухань хотоос илэрсэн байна.

Өмнөд Солонгост Ням гарагт халдварын 210 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт тоог 3,736 болгосон бол нас барсан өвчтөний тоо 20 хүрчээ.

Ойрх Дорнодын тахлын голомт болоод байгаа Иран улсад халдварын тоо бараг 50 хувиар нэмэгдэж, 978 хүрсэн бол нас барсан өвчтөний тоог 54 хүрсэн гэж мэдээлсэн байна.

Дэлхий даяар илэрсэн халдваруудын ихэнх нь хөнгөн хэлбэртэй байгаа бөгөөд зарим өвчтөн ямар ч шинж тэмдэг үзүүлэхгүй байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press

Exit mobile version