Нийгэм

Нийслэлийн онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагад тус бүр 5 сая төгрөг хандивлалаа

Нийтэлсэн

Дэлхий нийтэд корона вирусын тархалт нэмэгдэж байгаа нь улс орнуудыг олон талаар хүнд байдалд оруулсаар байгаа билээ. Тиймээс бизнес эрхлэгчид, урлаг соёл, спортын зүтгэлтнүүд нийгмийн хариуцлагын хүрээнд улсдаа онцгой үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад дэмжлэг, тусламж үзүүлэх зорилгоор хандив үзүүлж эхэлсэн. Энэ удаа нийслэлийн харьяа агентлагуудад анхны хандивыг “Нисдэг машин” худалдааны төвийн Д.Эрдэнэбаатар захиралтай хамт олон өгсөн бөгөөд тэд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүллээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн “Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа COVID-19 вирусний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг улс, хот, аж ахуй нэгж байгууллага хувь хүн бүгд онцгойлон анхаарч ажиллаж байна. НОК, Төр захиргааны байгууллага, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг дэмжиж “Нисдэг машин” худалдааны төвийн хамт олон  анх удаа мөнгөн тусламж үзүүлж байгаад Нийслэлийн Онцгой Комиссын удирдлага болон нийслэлийн цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт хэмээх гурван байгууллагын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж, ажлын амжилт хүсэн ерөөе. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан өдөр шөнөгүй үүрэг гүйцэтгэж буй нийслэлийн 6000 орчим төрийн алба хаагчдад тусламж үзүүлэх үйл ажиллагааг эхлүүлж байгаад баяртай байна” хэмээлээ.

“Нисдэг машин” худалдааны төвийн захирал Д.Эрдэнэбаатар “Хаврын тэргүүн сарын шинийн наймны билэгт сайн өдөр Нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа албан хаагчдадаа дэмжлэг үзүүлэх зорилгоор манай хамт олон хандив өргөж байна. Монгол Улсын иргэн хүний хувьд нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж энэхүү тусламжийг үзүүлж байна” гэв.

“Нисдэг машин” худалдааны төв гуравдугаар сар дуустал түрээсийн төлбөрөө 50 хувиар бууруулахаар болжээ. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан түрээслэгч иргэдээ дэмжсэн шийдвэр гаргасан тус худалдааны төвийн удирдлага хамт олонд ажлын амжилт хүсье.

Exit mobile version