Нийгэм
Сонгинохайрхан дүүргийн НАМЭХ-ны эмэгтэйчүүд 1000 ширхэг амны хаалтыг хүлээлгэн өглөө
СOVID-19 буюу шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, өвчлөл үүсгэхгүй байх тал дээр Монгол Улсын Засгийн Газар хагас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин холбогдох бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, амны хаалт, ариутгалын бодис хэрэглэхийг ДЭМБ-аас зөвлөж буй бөгөөд амны хаалтны хомсдол зөвхөн манай улсад төдийгүй дэлхийн олон оронд тохиолдож байгаа билээ.
Энэ цаг үед Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймаг, дүүргийн салбар холбоодын 100 мянга гаруй гишүүдийнхээ хүчээр өөрсдөө 30 000 амны хаалт хийх уриалгыг гаргасан. НАМЭХ-ны гишүүд санаачилгаараа стандартын шаардлага хангасан, хөвөн даавуун материалаар угааж ариутган дахин хэрэглэж болох амны хаалтыг хийж, эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан шаардлагатай байгаа албан байгууллага, иргэдэд хандивлах ажлыг үндэсний хэмжээнд эхлүүлсэн юм.
Өнөөдөр Э.Хулан даргатай Сонгинохайрхан дүүргийн НАМЭХ-ны эмэгтэйчүүд 1000 ширхэг амны хаалт хийж дүүргүүдээ манлайлан төв холбоондоо хүлээлгэн өгчээ. Төлөвлөсөн 30 000 амны хаалтны 10 000 ширхэгийг нь Нийслэл, дүүргүүдийн НАМЭХ хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бол 21 аймгийн буюу орон нутгийн НАМЭХ-ны эмэгтэйчүүд 20 000 амны хаалтыг хийж энэ долоо хоногт нийслэл болон аймгийн эрүүл мэндийн газруудад хүлээлгэн өгөх юм байна.