Дэлхий
Хавана дахь ЭСЯ “Descubre Mongolia” арга хэмжээг зохион байгуулав
Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2020 онд тохиож буй Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монгол, Кубын оюутан залуусыг хамруулсан “Descubre Mongolia” арга хэмжээг 2020 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр ЭСЯ-нд зохион байгуулав.
Арга хэмжээний үеэр Монгол орны байгаль, соёл, зан заншлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулж, Монголын түүх, нийгэм эдийн засгийн онцлог болон хөгжил дэвшлийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Мөн Кубад сурч буй Монгол оюутнууд хүрэлцэн ирсэн зочдод монгол дуу хуурын дээжээс сонирхуулав. Тус арга хэмжээнд Кубын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын захирал Алберто Бланко болон дипломат ажилтнууд, Латин Америкийн “Пренса Латина” хэвлэл, мэдээллийн агентлаг, Латин Америкийн Анагаах Ухааны Их Сургууль, Комагуэгийн Их Сургуульд суралцаж буй монгол, куба болон гадаадын бусад орны оюутнууд оролцов.
Куба нь Америк тивийн орнуудаас Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны улс юм.