Засгийн газар
ОБЕГ-ын дансанд 227 сая төгрөг цуглажээ
Хоёрдугаар сарын 27-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газраас Төрийн банкинд 1000900031405 дугаарын хандивын дансыг нээснээс хойш 116 иргэн, аж ахуй нэгжээс 2000-100 сая хүртэл төгрөгийн хандивыг илгээж, нийт 227,612,708.0 төгрөг төвлөрүүлжээ.
Бэлэн мөнгөн дүн 227 саяд хүрээд байгаа бол бараа бүтээгдэхүүн, эд материалын үнийн дүнг хараахан нэгтгээгүй байгаа аж.
Шинэ коронавирусын халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд урлаг спортын зүтгэлтнүүд, аж ахуй нэгжүүд болон иргэд сайн дурын үндсэн дээр Улсын Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин бэлэн мөнгө, бараа материалын хандив өгч, дэмжлэг үзүүлсээр байна.
Хандивын зарцуулалтыг иргэд олон нийтэд нээлттэй, шилэн дансаар тайлагнана
Хамгийн сүүлд буюу өчигдөр “Хурд” хамтлагийн гишүүд гурван сая, “Ачит Ихт” ХХК 100 сая төгрөг, “Богд банк” 20 сая төгрөг, “Перто Чайна Дачин тамсаг” компани 5,8 сая төгрөг, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, Ажлын албаны ажилчид хоёр өдрийн цалингаа тус тус хандивлажээ.
Тэгвэл иргэн Л.Одбаяр, Э.Тамир нар 60 сая төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг эмнэлгийн ор, “Эника органик импекс” компани 10 сая төгрөгийн 200 ширхэг чацарганы үрийн тос, “Херо интертайнмент” 100 ширхэг хамгаалалтын хувцас, 40 ширхэг нүдний шил, “Аварга” дээд сургуулийн сургалтын алба 200 толгой хонь хандивлаж, хэрэгцээт бараа, эд материалын дэмжлэгийг үзүүлсэн байна.
Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны явцад хандивын мөнгө, бараа бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хэрэглэж, зарцуулах, иргэд олон нийтэд нээлттэй, шилэн дансаар тайлагнах ажлыг УОК-ын Ажлын алба болон УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай ажлын хэсэг зохион байгуулж ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.