Эдийн засаг
Азийн хөрөнгийн биржүүдийн хувьцааны ханш сэргэж байна
Шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор Ази төдийгүй дэлхий томоохон хөрөнгийн биржийн индексүүд унаж, хувьцааны ханш буураад байсан юм. Тэгвэл Японы төв банкнаас санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг бий болгохын төлөө шийдэмгий алхмуудыг авахад бэлэн байгаагаа мэдэгдсэний дараа Азийн хөрөнгийн биржүүдийн хувьцааны ханш сэргэж эхлээд байгааг BBC агентлаг дамжуулжээ.
Шинэ коронавирусний тархалтаас үүдэн санхүүгийн зах зээл хямарч, өнгөрсөн долоо хоногт л гэхэд олон улсын хувьцааны зах зээл 5 триллион гаруй ам.долларын алдагдлыг хүлээсэн. Тэгвэл дэлхийн хүчирхэг эдийн засгууд цаашид санхүүгийн зах зээлийн уналтыг зүгээр хараад суухгүй гэдгээ илэрхийлээд байна. Японы төв банкны захирал Күрода Харүхико санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахын төлөө шаардлагатай алхмуудыг авч хэрэгжүүлнэ гэдгийг саяхан гаргасан мэдэгдэлдээ онцолжээ.
Тэрээр шинэ коронавирусний тархалтын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллөөс үүдэн санхүүгийн зах зээлийн тодорхойгүй байдал цаашид үргэлжлэх төлөвтэй байна гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Ийнхүү Японы төв банкнаас мэдэгдэл гарсны дараа Азийн хөрөнгийн биржүүдийн хувьцааны ханш сэргэж эхлээд байгааг BBC агентлаг дамжуулжээ. АНУ-ын Холбооны Нөөцийн Сан саяхан мөн л ижил мэдэгдлийг хийж, шаардлагатай үед арга хэмжээг авна гэсэн амлалтыг өгсөн юм.
Сонирхуулахад, шинэ коронавирусний тархалтаас үүдэн дэлхийн хоёр дахь хүчирхэг эдийн засаг болох Хятадын үйлдвэрлэлийн түвшин 2 дугаар сард огцом унаад байна.